Б.Мөнгөнтуул өнгөлж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул өнгөлж байна

ОХУ-ын нийслэл Москва хотноо өнгөрөгч бямба гаригт нээлтээ хийсэн олон улсын шатрын нээлттэй тэмцээний В ангилал буюу эмэгтэй залуу их мастеруудын ангилалд өрсөлдөж буй Б.Мөнгөнтуул гурван өргийн дараах байдлаар 100 хувийн амжилтаар өнгөлж байна. Эрэгтэй болон эмэгтэй залуу их мастеруудын, оюутан сурагчдын, нээлттэй, бодлого бодолтын зэрэг нийт долоон төрлөөр зохиогдож буй тус тэмцээнд манай улсаас долоон шатарчин оюун ухаанаа уралдуулж байна. Их мастер Б.Мөнгөнтуул эмэгтэй залуу их мастеруудын ангилалд өрсөлдөж байгаа бол их мастер Д.Шаравдорж, ОУМ Ц.Батчулуун, сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул, ФИДЕ Мастер Н.Төвсанаа, СМ С.Ган-Од нар Е буюу эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнд, харин Г.Сайханзаяа F буюу эмэгтэйчүүдийн нээлттэй төрөлд оролцож байгаа юм.

В ангиллын хувьд тэмцээний эхний гурван өргийн тоглолтууд болсон бөгөөд Б.Мөнгөнтуул эхний өрөгтөө ОХУ-ын их мастер Валентина Гунинатай хараар тоглож хожсон бол хоёрдугаар өрөгт Армяны Лилит Галоянг, удаахь өрөгт Польшийн Иоланта Завадскаг тус тус хожсоноор ганцаараа гурван хожилтой тэмцээнийг тэргүүлж байна. Тэрбээр дөрөвдүгээр тойрогт Хятадын их мастер Жао Сьюэтэй тоглох юм. Сонирхуулахад, эмэгтэй залуу их мастеруудын тэмцээнд манай шатарчнаас гадна Александра Костенюк /ОХУ/, Жао Сьюэ /БНХАУ/, Валентина Гунина /ОХУ/, Ольга Гиря /ОХУ/, Лилит Галоян /Армян/, Иоланта Завадска /Польш/, Карина Амбарцумова /ОХУ/, Алина Кашлинская /ОХУ/, Мария Фоминых /ОХУ/ нарын 10 шатарчин өрсөлдөж байна.

Манай бусад шатарчдын тухайд Е ангилалд өрсөлдөж буй Ц.Батчулуун, С.Ган-Од, Д.Шаравдорж, А.Энхтуул нар 2,5 оноотой, харин Н.Төвсанаа 1,5 оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байгаа бол F ангилалд оюун ухаанаа сорьж буй Г.Сайханзаяа 1 оноотой байна.

С.Цэлмэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж