Байгаль орчны иргэний зөвлөлтэй гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Байгаль орчны иргэний зөвлөлтэй гэрээ байгуулав

Монгол Улсад байгаль орчны чиглэлээр 500 гаруй төрийн бус байгууллага, 13 мянга орчим хүн ажилладаг байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд байгаль эх, газар шороогоо өөрсдийн арга хэлбэрээр хамгаалж ирсэн дээрх ТББ-уудын Улсын зөвлөлгөөнийг БОАЖЯ-ны санаачилгаар 2008, 2010 онуудад зохион байгуулж, эхний зөвлөлгөөний шийдвэрээр Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ үүсгэн байгуулагдсан юм.

Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэхээр БОАЖЯ-наас жил бүр “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнгөрөгч 2010 онд гэхэд 170 гаруй сая төгрөгийн 34 ажлын гэрээ байгуулсан нь 94.0 хувийн биелэлттэй хэрэгжсэн аж.

Энэ жилийн “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр БОАЖЯ-нд болсон бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, МБОИЗ-ийн Тэргүүн Б.Батболд нар 2011 онд хэрэгжүүлэх 76,6 сая төгрөгийн 20 ажлыг ТББ-аар гүйцэтгүүлэхээр болов.

Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх болсноор олон дэвшил гарсан талаар сайд Л.Гансүх онцолсон бөгөөд “2010 онд 10 хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт, 4 хууль, 14 журмыг шинээр  боловсруулахад төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцож, усны эх, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох 54 ажлын хэсэгт төрийн бус байгууллагын төлөөлөл хамрагдсан. 2010 онд зохион байгуулсан байгаль орчны төрийн бус байгууллагуудын улсын 2 дугаар зөвлөгөөнд 549 байгууллагыг төлөөлсөн 300 гаруй төлөөлөгч оролцож, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийг шинэчлэн байгуулсан. Улмаар байгаль орчны бодлого, хууль эрх зүйн орчин, тулгамдсан асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргах, холбогдох талуудад саналаа хүргүүлэх, Монгол Улсын хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх засаглалын бүх шатны байгууллагад нөлөөлөл үзүүлэх зорилго бүхий “Байгаль орчны парламент” байгуулан ажиллаж эхлээд байна. Тус парламент 500 гаруй ТББ-ын төлөөлөл бүхий 51 гишүүнтэй бөгөөд 10 чиглэлийн хороодоор дамжуулан ажиллана. Энэ нь манай орны иргэний нийгмийн байгууллагуудын хувьд түүчээ болж байна” хэмээсэн байна.

Одоогийн байдлаар МБОИЗ-ийн салбарыг Өвөрхангай, Дархан-Уул, Өмнөговь, Хөвсгөл, Увс, Дорнод, Төв, Сэлэнгэ зэрэгт найман аймагт байгуулсан бөгөөд эдгээр салбар зөвлөлд 198 төрийн бус байгууллага  хамрагдаж, аймгийн Засаг дарга, ИТХ-тай  хамтран ажиллах гэрээ байгуулж, хяналт мониторинг, олон нийтийн идэвхжүүлэх, салбар зөвлөлийн нэрэмжит төсөл байгуулах, зэрэг ажлууд эхлээд байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж