“Ав-атар”-ын залуус хүчирхэг байлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

“Ав-атар”-ын залуус хүчирхэг байлаа

Өнгөрөгч баасан гаригт нээлтээ хийсэн МСБХ-ны Nissan Премьер лигийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээний ээлжит тоглолтууд өчигдөр боллоо. Хуваарь ёсоор өчигдөр гурван тоглолт болсон байна.

Лигт энэ жилээс эхлэн оролцож байгаа ч хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа “Ав-атар” багийн лигионер тоглогчид өчигдөр Спортын төв ордонд цугласан үзэгчдийг уйдаасангүй. Ээлж дараалсан цагариган дээрээс довтлох үзүүлбэрүүдийг хийж, сагсан бөмбөгийн хорхойтнуудыг суудлаас нь босгож байлаа. Холбон тоглогч Кларенс Жеффри 24 оноо, Кимарли Вилльямс 11, Лэкс 7 оноо авсан бол С.Пүрэвцэрэн, О.Сэргэлэн, С.Өрнүүнбилэг нар шилдэг тоглолт гаргаж, улмаар баг нь үндсэн цагт 99:60 харьцаатай “Ирвэс” багийг бут ниргэжээ. Сагсан бөмбөгийн спортын анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан залуу бүрэлдэхүүнтэй “Ирвэс” баг лигийн гараагаа тун тааруу хийлээ. Тэд хоёрдугаар үед ердөө найман оноо авч, 23-ыг алджээ. Багийн тоглогчдыг О.Ууганбаяр 17 оноогоор тэргүүлжээ.

Мөн лигийн залуу тоглогчдыг бүрдүүлэн энэ жилээс эхлэн оролцож байгаа ШШГЕГ-ийн харьяа “Сүлд” спорт хорооны “Офицерүүд” баг гурав дараалан аваргалаад байгаа “Хасын хүлгүүд”-тэй хоёр дахь тоглолтыг хийсэн. “Сүлд”-ийг ямар чансаатай баг болохыг харахыг хүссэн үзэгчдэд тэд тодорхой хариулт өгсөн юм. Тэр тусмаа С.Батбямба, Э.Анар, А.Од нар оноо авалтаар багаа тэргүүлж, улмаар “Хүлгүүд”-тэй өгөө аваатай тоглоход гол нөлөөг үзүүлсэн. Гэсэн ч багийн гол тоглогч С.Батбямба дөрөвдүгээр үед таван алдаа гаргаж, талбайг чөлөөлсөнөөр “Сүлд”-ийн довтолгоо дутмаг болж, үндсэн цагт 84:78 харьцаатай ялагдал хүлээсэн юм. “Хас”-ын хувьд ийнхүү хоёр хожилтой болж байгаа бол тэдэнтэй адилаар “Шаркс”-ыг 100:77 харьцаатай гурав дахь тоглолтод буулган авсан “Баянзүрх Буллс” мөн хоёр хожилтой болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж