
Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн яамны харьяа “Сэргээн засалтын үндэсний төв” нь үндэсний компаниуд болон хэвлэл мэдээллийн байгууллагыг хамтран ажиллахыг уриаллаа. Уг хамтын ажиллагааны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, тэдэнд тулгамдаж буй нийгмийн асуудлыг эергээр шийдвэрлэх, тэднийг чадваржуулахад үндэсний компаниуд болон олон нийтийг татан оролцуулахад оршиж байгаа ажээ. “Өнөөдөр Монгол Улсад албан бус мэдээгээр 115 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд тэдгээрийн хэрэгцээ, нийгмийн асуудлыг шийдэхэд төсвийн хөрөнгө мөнгө хүрдэггүй учир олон нийтийн байгууллагын туслалцаа, хэвлэл, мэдээллийн багууллагын сурталчилгаа шаардлагатай байна” гэж “Сэргээн засалтын үндэсний төв”-ийн олон нийттэй харилцах албаны дарга С. Баярбат ярьж байлаа. Одоогийн байдлаар тус төв нь “Монгол тамхи со” ХХК, UBS телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэгтэй гурвалсан гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Энэ ажлынхаа хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн хүүхдийг Солонгос улсад мэс засал хийлгэх зардлыг даажээ. Дашрамд дурдахад “Сэргээн засалтын үндэсний төв” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, мэргэжлийн дадлага олгох сургалтыг зохион байгуулж байгаа аж.
Б.Болорсүх