У.Мөнх-Эрдэнэ АНУ-ын багтай гэрээгээ цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ АНУ-ын багтай гэрээгээ цуцалжээ

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооноос тамирчдынхаа санхүүг дэмжих, байнгын бэлтгэл сургуулилттай байх, цаашлаад мэргэжлийн бокст тамирчдаа алдахгүйн тулд шинээр санаачлан зохион  байгуулах болсон “World Series of Boxing” тэмцээнд өрсөлдөхөөр Америкийн бүсийн “Мемфис Форс” багтай гэрээ байгуулсан Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ гэрээгээ цуцлаад эх орондоо бүрмөсөн иржээ.  Дэлхийн аваргын хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ өөрийнхөө жинд буюу 61 кг-д өрсөлдөхөөр гэрээ байгуулж, улмаар нэг тоглолт хийж, Мексикийн тамирчинд ялагдаад байсан юм. “Лондон-2012” зуны олимпийн наадам хаяанд ирсэн энэ үед У.Мөнх-Эрдэнэ эх орондоо бэлтгэлээ хийж, Монголдоо тэмцээн, уралдаанд оролцохоор шийдэж, гэрээгээ цуцалсан гэнэ.

Боксын дэлхийн лиг гэгдэж буй “World Series of Boxing”-т манай дөрвөн ширэн бээлийтэн гадны багуудтай гэрээ байгуулсны дагуу өрсөлдөж байсан юм. Ийнхүү У.Мөнх-Эрдэнэ эх орондоо ирснээр “Мемфис Форс” багт Э.Идэрхүү, “Баку Файерс”-т Н.Төгсцогт, харин “Милано Тандер”-т З.Энхзориг нар өрсөлдөхөөр болж байна. “WSB” тэмцээний наймдугаар тойргийн тоглолтууд энэ сарын 4, 5-нд болох учир дээрх тамирчид маань сар шинээр Монголдоо ирж амжихгүй ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж