Давос ба эдийн засгийн хатуу үнэн | News.MN

Давос ба эдийн засгийн хатуу үнэн

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Давос ба эдийн засгийн хатуу үнэн

Давос ба эдийн засгийн хатуу үнэн

Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулган энэ сарын 23-27-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. ”Шинэ нөхцөл бай­­­дал дахь нийтлэг арга замууд” сэдвээр энэ удаа­гийн чуулган нээлтээ хийж дэлхийн 100 орны улстөр,эдийн засаг, олон нийтийн байгууллагын нийт 2500 төлөөлөгч оролцсон байна. Чуулган үргэлжилсэн тав хоногт хамгийн их анхаарал татсан асуудлууд нь Европын орнуудын өрийн хямрал болон тэдгээр өрийг хэрхэн шийдвэрлэх талаархи хэлэлцүүлгүүд болж байв.

Хөндүүр сэдэв –Европын өр

Аль хоёр жилийн өмнө Грек зэрэг орноос эхэлж Европын холбооны хэд хэдэн улсыг ээлж дараалан хурцаар хямрааж эхэлсэн өрийн асуу­дал өнөөдөр ч үргэлжилж Грекээс гадна Испани, Португаль зэрэг орнууд хүнд байдалд орсон  хэвээр байгаа юм. Давосын чуулганы үеэр шинжээчдийн таамаглаж байгааг үзэхэд төс­вийн өрийн хэмжээ хэтэрсэнтэй уялдан Европын орнуудад учраад байгаа хямрал энэ онд ч үргэлжлэх бололтй. Харин тэдгээр ор­нуудын өрийг худалдаж авч байгаа Хятадын байр суурь европчуудын хувьд “гал унтраах” цагаа олсон боломж байсан хэдий ч дэлхийн томоохон зах зээл АНУ-ыг өрийн барьцаанд бараг л залигичих шахсан сонирхол нь нөгөө талаар бас айдас болгоомжлол төрүүлж байгаа бололтой. Чухам тийм учраас Давосын чуулганы бас нэг анхаарал татсан асуудал нь АНУ-ын гадаад өрийн өсөн нэмэгдэж байгаа бодит байдал болж байв. ( Европын орнуудын төсвийн өрийн үзүүлэлтийг  хүснэгтээр харуулав)

Харин Давосын чуулганы үеэр сонсогдож байсан нэг таатай мэдээлэл гэвэл ямар ч байсан энэ онд дэлхийн эдийн засагт өсөлт гарах таамаглал байлаа. Хэдийгээр энэ удаагийн Даво­сын чуулганы үеэр эдийн засгийн таамаг­лалын талаар багаүй шүүмж гарсан боловч ерөнхийдөө зарим эдийн засгийн өсөлтийн талаархи таамаглал үндэслэлтэй гэж үзэж байгаа юм байна. Тухайлбал 2011 оны тухайд хурдацтай өсөлт гарч буй Хятад болон Энэтхэг Бразиль улсуудын эдийн засгийн өсөлтийг л зөвхөн нийлүүлээд дүгнэхэд дэлхийн эдийн засаг бүхэлдээ өссөн үзүүлэлттэй гарахаар байгаа аж. Энэ нь нэг талаасаа эдийн засгийн өсөлтийн таамаг үнэн болохыг баталж байгаа­гийн дээр нөгөө талаас БРИК хэмээх томхон эвслийн дээрх гурван гишүүн орны эдийн засаг ямар их нөлөөтэй болж байгааг харуулсан баримт болж байгаа юм. Үүний зэрэгцээ АНУ болон Германы эдийн засагт тогтвортой өсөлт гарах таамаглалтай байгаа ба харин хэмжээний хувьд эдгээр хөгжилтэй орнуудын өсөлт тун бага хувьтай байх гэнэ.

Харамсалтай нь эдийн засгийн өсөлтийн хажуугаар дэлхий нийтэд инфляцийн аюул нүүрлэж байгааг эдийн засагчид анхааруулж байлаа. Үүний зэрэгцээ улс орнуудын хувийн хэвшлийнхний болон төсвийн өр зээлийн хэмжээ болон зах зээлээ хамгаалах оролдлогуулын нөлөө нь дэлхийн эдийн засгийг явах ёстой замаас нь гаргачихаж болохоор байгаа гэнэ.Эдийн засагт гарах гэж буй эрсдэлийг мэргэн таамаг­лаж чаддагаараа нэрд гарсан, зартай шүүмжлэгч Нориель Рубини (тэрээр хэдэн жилийн өмнөөс Европын орнуудад өрийн хямрал гарахыг таамаглан хэлж байсан бөгөөд өнгөрсөн жилийн Давосын чуулганы индэр дээрээс еврог хоёрхон жилийн настай мөнгөн тэмдэгт гэж зарлан шуугиан тарьж байсан билээ) дэлхийн эдийн засагт “өсөлтийн хурдац бий болж байгаа анхны шинж тэмдэг ажиглагдаж” байгааг зөвшөөрчээ. Тэгэхдээ бодитой сөрөг үзэгдлүүд ч гарч болохыг анхааруулсан байна. Тэрээр “бидэнд тал устай шилэн аяга л байна” гэж хэлжээ.Түүний “зөгнөснөөр” бол хэт өн­дөрт огцом хөөрсөн Хятад эдийн засаг эргээд зөөлөн газардах төлөвтэй болсон бөгөөд хэрэв ингэж чадвал дэлхийн эдийн засаг өсөлтийг дэмжих шинэ хөдөлгүүртэй болж байна гэсэн үг аж. Гэвч энэ нь зуун хувь баталгаатай гэхэд хэцүү аж. Нөгөө л эдийн засаг дахь хэт халалт, инфляцийн өсөлт болон хиймэл хөөргөдөл гэх мэт аюулууд байсаар байх болно гэж тэр батлаад ялангуяа үл хөдлөх хөрөнгийн зах зээлтэй дээрхи үзэгдлүүд илүү холбоотой гэж дүгнэсэн байна.

“Юун G 20, G Zero гээч”

Ер нь ч энэ удаагийн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өмнөх оныхтой адил мөн л хатуу ширүүн шүүмж болон хурц мэдэгдлүүдээр ар­вин байсан аж. Тэдгээрийн нэг нь Их 20 буюу G 20-ийн уулзалтад оролцогч орнуудын тэргүүн нарыг дайрсан шүүмж болж байлаа. Дэлхийн хэмжээнд зар сурталчилгаа, хөрөнгө санхүүгийн зах зээлийн мэдээллийн гигант гэгддэг WPP группийн гүйцэтгэх захирал Мартин Сорелли Давосын уулзалтын үеэр өнөө­гийн эдийн засгийн хамгийн том бэрхшээл бол улс орнуудын төр засгийн хооронд худалдаа­ны асуудлаар хамтран ажиллах “сэтгэл дутаж” байгаа явдал гэж хэлсэн байна. Тэрээр дэлхийн томоохон орнуудын засаглалыг ат­гагчид хэт их амбицнаасаа болж улс хоорон­дын худалдаанд саад бэрхшээлийг бий болгож байна гэж шүүмжилж байлаа. Тэрээр  G 20-ийн удирдагч нар яг одоо эдийн засагт хэрэгтэй байгаа худал­даа, татварын болон зохицуулалтын асуудлаархи хамтын ажиллагааг бий болгож чадахгүй байгаагаас харахад тэдэнд “ямар ч манлайллын шинж тэмдэг алга байна” гэжээ. Тиймээс “  Ямар ч G 20 гэж байхгүй, G zero гэ­вэл таарна” гэж хатуухан дайрсан аж. Мөн ноён Сореллийн үзэж байгаагаар бол АНУ-ын төс­вийн болон хувийн секторын өр ч ойрын хугацаанд томоохон асуудал хэвээр үлдэх гэнэ. Түүний зүйрлүүлж хэлснээр “Өрөөнд хорьсон аварга горилла” шиг энэ асуудал ирэх онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн болон Конгрессийн сонгуулийг өнгөртөл улстөрчдийн шүүрч авах гол бэрхшээл хэвээр байх гэнэ.

Мөн Давост бас нэгэн сонин тодорхойлолтыг гаргаж ирсэн хүн бол Хятадын эдийн засагч Жу Мин юм. Өнгөрсөн жилийн Давосын уулзалтын үеэр Хятадын Ардын банзны орлогч захирлын хувиар оролцож байсан энэ хүн одоо ОУВС-ийн тусгай зөвлөх болсон бөгөөд олонд танигдах нэгэн болжээ. Тэрээр улс орнуудын эдийн засаг өнөөдөр маш эрсдэлтэй том сорилтын өмнө ирчэхээд байна гэж зарлав. Ялангуяа хөгжилтэй орнуудын эдийн засаг одоогийн экспор­тоос хамааралтай өсөлт бүхий хэв загвараа дотоодын эрэлтдээ тулгуурласан хэв шинж рүү шилжүүлэх маш хүнд шилжэлтийн байдал руу орж байна гэж тэр хэлж байна. “Энэ бол тухайн эдийн засгийн түлхүүр  сорилт байх болно” гэж хятадын шинжээч онцолж байгаа юм. Түүнээс гадна өнөөгийн хөгжил хүмүүсийн эрэлт хэрэгцээний буруу сонирхлыг дэврээж байгааг ноён Жу Мин шүүмжилсэн нь бас л анхаарал татахаар мэдэгдэл болж чадсан байна. Тэр хэлэхдээ  өнөөгийн хөгжиж буй орнуудын иргэн бүр том хаус, машин унаа, хангалуун тэтгэмж бүхий тансаг америк амьдралыг мөрөөддөг болсон нь биелэх боломжгүй зүйл гэжээ. Ийм мөрөөдлийг өнөөгийн эдийн засаг гүйцэлдүүлэх боломжгүй гэж тэр анхааруулаад одооноос энэхүү үнэн бодит ойлголтыг бусдад хүргэхийг сануулав.

Таамаглал бүхэн үнэн биш

Мөн энэ үеэр өнөөгийн эдийн засагт таамаг­­лал хийх нь хамгийн найдваргүй зүйл болсон талаар ч өргөн хэлэлцүүлэг болсон байна. Саяхан болтол Дэлхийн банкны ахлах эдийн засагч байсан, Нобелийн шагналт Жой Штиглиц хэлэхдээ “ хэрэв АНУ-ын төв банк­ны удирдлага шинэ бодлого тодорхойлсон гэж зарлатал түүнийг нь харин хөндлөнгөөс хэн нэгэн шүүмжиллээ гэж бодъё. Хүмүүс хэнд нь итгэнэ гэж бодож байна? Мэдээж төв банкныханд. Ингээд л эдийн засагт нөлөөл­чихөж байгаа юм даа” гэжээ. Гэтэл бодит байдал дээр эдийн засгийг таамаглах гэдэг улам бүр төвөгтэй бөгөөд найдваргүй болсон жишээ олон дурдагдаж байлаа. Тухайлбал 1990-ээд оны эхээр Мексикийг нэрвэсэн санхүүгийн хямралыг Азийн эдийн засагчид дүгнэхдээ” ийм хямрал Азид хэзээ ч гарахгүй” гэж байжээ. Гэвч хэдхэн жилийн дараа яг тийм хямрал Азийг бараг л тэр чигт нь нэрвэж байсан түү­хийг Давосын уулзалтын үеэр дурсаж байсан аж. Мөн л дэлхийд томоохонд ордог менежментийн нэг компанийн захирал хэлэхдээ “ Одоо дахиад л эдийн засгийн таамаглал, хэлэл­­цүүлэг ар араасаа эхэлнэ. Харин түүнд итгэх алба байхгүй шүү” гэжээ. Түүнээс өөрийх нь компанийн эдийн засагчид хэр зөв таамаг гаргаж чаддагыг асуухад тэрээр мөрөө хавчаад “ Өө мэдэхгүй, арван таамгаас гурав дөрөв нь л үнэн байдаг ш дээ” гэсэн байна.

Дашрамд дурдахад Давосын уулзалтыг нээж үг хэлсэн Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев дэлхийн эдийн засгийн энэ чуулганд оролцсон нь төдийгүй түүний хэлсэн үгс мөн л анхаарал татсан бас нэг “шигтгээ” болж чадсан билээ. Нийслэлд нь террорист халдлага гарсан ч энэ  чуулга уулзалтаас татгалзаж чадаагүй тэрээр төрийн мэдэлд байгаа Оросын дэд бүтэц, эрчим хүчний томоохон компаниудын хувьч­лалд олон улсын томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг хандуулахаар очсон гэд­гээ нуугаагүй юм. Түүний хажуугаар “ хэрэв Орос оронд тогтоосон хууль журмыг үл дагавал хэн ч бай Ходорковский болон Мэдофф нарын авсантай адил ялыг торны цаана эдлэх болно” гэж тэрээр хатуу мэдэгдсэн билээ.

М.Наст
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж