С.Оюунаас Д.Энхбатад шилжиж буй суудал

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

С.Оюунаас Д.Энхбатад шилжиж буй суудал

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд намын даргаа нэг ч удаа сэлгэж байгаагүй Иргэний зориг нам Монголын ногоон намтай нэгдэхдээ намын даргыг энэ удаад “ногоонтнуудаас” нэр дэвшүүлэх тохиролцоо хийжээ. Шууд хэлбэл, энэ тохиолдолд Иргэний зориг-Ногоон намын даргаар УИХ-ын гишүүн Д.Энхбат сонгогдоно гэсэн үг юм. Харин үүний хариуд Улсын дээд шүүхэд гуравдугаарт бүртгэлтэй Монголын ногоон намын үйл ажиллагаагаа зогсоож, түүний орон дээр Иргэний зориг-Ногоон намыг бүртгүүлэхээр хоёр тал тохиролцсон байна.
Иргэний зориг нам байгуулагдсан цагаасаа хойш нэг бус намтай нэгдэхдээ зөвхөн С.Оюунаар даргалуулж ирсэн бол Монголын ногоон нам өнөөдрийг хүртэлх хугацаандаа Д.Энхбатаас илүү хүчтэй даргатай байж амжаагүй юм. Түүнээс илүү чадвартай даргууд байсан байж магадгүй ч улс төрийн карьерын хувьд хамгийн амжилтад хүрсэн нь Д.Энхбат байх.

Гуравдагч хүчний бусад намуудаас парламентад суудалтайгаараа ялгарч буй ИЗН болон Монголын ногоон нам нэгдэх болсноор намын даргын суудал С.Оюунаас Д.Энхбатад шилжих нь тодорхой болж байна. Намын гэхээсээ илүү хувь хүний фактороор УИХ-д сонгогдсон Д.Энхбат улс төрд дөнгөж карьерээ эхлүүлж буй бол С.Оюуны хувьд улс төрийн карьер нь хангалттай хэмжээнд нэгэнт хүрсэн гэхэд хилсдэхгүй. УИХ-д дөрвөн удаа сонгогдон ажиллахдаа УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдын албыг ч хашиж байсан. Энэ хугацаанд улс орны хэмжээнд нөлөө бүхий шилдэг 10 улстөрчийн нэгд тогтмол нэрлэгдэж байсан нь түүний хувь улстөрчийнх нь рейтингийг илтгэнэ. Түүнд Ерөнхийлөгчид нэр дэвших боломж, тэр хэмжээний рейтинг харагдаж байгаа ч улс төрийг орхилоо гэхэд өөр салбарт карьер хөөх сонголт ч байж болно гэж ажиглагчид үздэг. Кембрижийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, дэлхийн хэмжээний том компанид хариуцлагатай алба хашиж байсан түүнд олон улсын байгууллагууд, тэр дундаа НҮБ-аас ч ажлын санал ирдэг гэх яриа бий.

С.Оюун намын даргын суудлаараа найр тавьж ногоонтнуудыг нэгтгэж буй үйл явц нь Ардчилсан намд хамгийн ашигтай хувилбар гэж ажиглагчид үзэж байна. ИЗН ч, Ногоон нам ч Ардчилсан намтай ирэх сонгуулиар хамтран ажиллах гэрээтэй. Нэгдэж, нийлэх тохиолдолд аль аль тал нь энэхүү гэрээгээ баримтална гэдгээ анхнаасаа ил тод зарласан. Тэгэхээр энэ оны нэгдүгээр улиралд багтаагаад бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх Иргэний зориг-Ногоон нам цаашдаа ч Ардчилсан намыг дэмжих баримтлалаасаа ухрахгүй аж.

Жил гаруйн хугацаанд үргэлжилсэн хоёр намын хоорондын яриа хэлэлцээний голлох сэдэв нь нэгдсэн намын үзэл баримтлалын тухай байсныг талууд нуухгүй байна. Энэ нэгдэл нь улс төрийн бусад гуравдагч хүчнүүдэд “хаалттай” байх төдийгүй Ардчилсан намыг “дагах” чиг баримжаатай байна гэдгийг хоёр тал хатуу тохиролцсон гэж эх сурвалж өгүүлсэн юм. Сонгуулийн хуульд пропорциональ тогтолцоог хуульчилсан нөхцөлд Иргэний зориг-Ногоон нам дангаар оролцох, өнөөгийн мажораториор үлдэх тохиолдолд Ардчилсан намтай эвсэх байдлаар хоёр тал ойлголцолд хүрсэн байна.

Иргэний зориг нам өнгөрсөн хугацаанд Ардчилсан намтай нэгдэх асуудлаарх зарим нэг гишүүдийнхээ санаа бодлыг сонссоор ирсэн ч ийм шийдэл рүү яваагүй нэг шалтгаанаа “гуравдагч хүчний орон зайг явцуу эрх ашиг бүхий бүлэглэлүүдэд сул тавьж өгч болохгүй” гэсэн зарчмаар тайлбарладаг. Өнөөдөр ч гэсэн гуравдагч хүчний талбар дээр тоглолт хийхээс өөр орон зайгүй нөхцөлд үүсч бүрэлдэж байгаа улс төрийн зарим хүчнүүдээс тэд болгоомжилж буй юм.

Либераль чиг баримжаатай, Ардчилсан намтай гарал үүсэл, үнэт зүйл нэгтэй ч гэж хэлж болох Иргэний зориг нам, улс төрийн анхдагч хүчнүүдийн нэг Ногоон намын нэгдэх үйл явц бүтэн жил үргэлжилж байж үр дүнд хүрлээ. Энэ үйл явцыг үүнээс удаан хугацаагаар үргэлжлүүлэх нь үнэндээ “ашиггүй” төдийгүй цаг хугацаанаас өрсөх шаардлага тулгарсан гэж зарим эх сурвалж үзэж байна. Улс төрийн томоохон хүчнүүдээс салж гарсан хүчтэй лидерүүд болох М.Энхсайхан, Н.Энхбаяр нар гуравдагчид болчихоод байгаа энэ үед нэгдэл ИЗН дээр биш өрсөөд Ногоон нам дээр төвлөрсөн бол Ардчилсан намд аюултай хүчин зүйл болох байсан гэх хүмүүс ч байна. Тухайлбал, М.Энхсайхан шиг сонгуулийг зохион байгуулж чаддаг технологич өнөөхөндөө аль ч намд байхгүй, Н.Энхбаяр шиг хөдөөд нэр нөлөөгөө алдаагүй хувь улстөрч бас л өөр үгүй.

Ирэх 2012 оны сонгуулийн өмнөх нөхцөл байдал, улс төрийн хүчний хуваарилалт өмнөх жилүүдийнхээс сонирхолтой байх дүр зураг бий болж байна. Энэ хөрсөн дээр шинээр үүсч буй  Иргэний зориг-Ногоон намын нэгдэл өөрийн тоглолтыг хийх нь тодорхой боллоо.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж