Тендерт 15 оролцогч өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Тендерт 15 оролцогч өрсөлдөж байна

Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт 15 оролцогч өрсөлдөж байна.

Сүүлийн нэг сар гаруй хугацаанд Тавантолгойн орд газарт Монгол улсын төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн эзэмшиж буй хэсэгтэй холбоотой хоёр ч тендер зарлагдсан билээ. Тодруулбал, Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тодруулах олон улсад нээлттэй тендерийг нэгдүгээр сарын 27-ны өдөр хаасан бол Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендерийг өнөөдөр 16.00 цагт  албан ёсоор хаалаа. Улмаар тендерийг зохион байгуулагч “Эрдэнэс МГЛ” компанийн зүгээс 17.00 цагт шалгаруулалтад оролцогч нийт компанийн төлөөллийг урьж, ирсэн материалыг нээн, Үнэлгээний хороонд дамжуулсан юм. Монгол улсын Төрийн өмчийн хорооноос томилсон Үнэлгээний хорооны гишүүд Нарийн бичгийн дарга Д.Ганхуягаар ахлуулан материалуудыг албан ёсоор хүлээн авав.
Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт оролцохоор дотоод, гадаадын нийт 15 компани, консорциум материалаа ирүүлсэн байна.

Үүнд:

1.    Шинхуа Энержи, Мицуи корпораци /БНХАУ, Япон/
2.    “Монголын Алт” групп /Монгол улс/
3.    Арсэлор Миттал лимитед /Люксенбург/
4.    “И-Тай” групп /Өвөрмонгол, БНХАУ/
5.    Пибоди Энержи /АНУ/
6.    Эн Плас /ОХУ/
7.    “Фортискю Металс” групп /Австрали/
8.    Вале /Бразил/
9.    “Оросын төмөр зам” нийгэмлэг /ОХУ/, “Сумитомо”, “Иточу”, “Сожитц”, “Марубени” группын хамтарсан консорциум /Япон/, “Корес” группээр ахлуулсан БНСУ-ын компаниудын нэгдэл
10.     Мэско Стийл лимитед /Энэтхэг/
11.    Интернэшнл Коул Вентчур лимитед /Энэтхэг/
12.    “Монголын автозамын нэгдэл” консорциум /Монгол/
13.    “Экстрата” групп /Австрали/
14.    “Эрдос Чэнлон” групп /БНХАУ/
15.    Сигнум Индастриал корпораци /Монгол/

Оролцогч тус бүр тендерийн материалаа эх хувь болон хуулбарын хамтаар битүүмжлэн илгээсэн байна. Өнөөдөр Үнэлгээний хороонд албан ёсоор хүлээлгэн өгсөн материалуудыг үндэслэн хураангуй жагсаалт гарах учиртай. Улмаар тус тендерийн хоёр дахь шат эхлэх юм. Хураангуй жагсаалт хэдийгээр гарах нь Үнэлгээний хорооны ажлын явцаас шалтгаална гэдгийг “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш энэ үеэр хэлж байсан.

Хураангуй жагсаалтад багтах компани, консорциумуудтай Монгол улсын Засгийн газраас томилогдсон Ажлын хэсэг хэлэлцээ хийх юм. Энэ тухай асуудлыг УИХ-ын 39 дүгээр тогтоолд тусгасан буй.


Э.Сайхантуяа. /The Mongolian Mining Journal/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж