Хувьцааг энэ оны эхний хагаст багтаан хуваарилна

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Хувьцааг энэ оны эхний хагаст багтаан хуваарилна

Монгол Улсын иргэд Тавантолгой ордын хувьцааны тодорхой хувийг эзэмших цаг ойртож байна.  Нарийн тооцоолсон дүн биш ч нэг иргэн ойролцоогоор 550 ширхэг хувьцаа эзэмшинэ гэдгийг холбогдох хүмүүс нь хэлж байгаа. Түүнчлэн 43 мян­ган үндэсний аж ахуйн нэгж, ком­пани тус бүр нь 30 мянган шир­хэг хувьцаа эзэмшинэ гэсэн тоо­цоог гаргасан билээ. “Эрдэнэс Таван­толгой” ХХК-ийн хувьцааг иргэ­дэд хэрхэн эзэмшүүлэх талаарх мэдээллийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс МГЛ” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Энэбиш бо­лон Монголын Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж, тооцооны төвийн мэргэжилтнүүд хийлээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1.5 тэрбум ширхэг хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд ху­ваарилах ёстой. УИХ-ын 39 дү­гээр тогтоолд заасны дагуу хувьцааг энэ оны эхний улиралд багтаан хуваарилах ёстой байсан. Гэсэн ч одоогоор хувьцааг олгох аж­лын бэлтгэлийг хийж байгаа аж. Тогтоолд заасан хугацаанд олгоогүй байгаагийн шалтгааныг холбогдох хүмүүс нь “Шат дараалсан арга хэм­жээнүүдийг авч байгаа” хэмээн тайл­барлаж байна. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлө­лийн өнөөдрийн хуралдаанаар Та­ван­толгойн хувьцааг иргэдэд хэр­хэн, ямар шалгуураар олгох вэ гэд­гийг хэлэлцэх юм байна. Хувьцаа эзэм­шихэд тухайн иргэнд ямар шалгуур тавих вэ гэдгийг холбогдох хүмүүс нь боловсруулаад Засгийн газраас дэмж­лэг авчээ.

Харин аж ахуйн нэгж, ком­паниудад нарийн шалгуурыг тавих ёстой гэдэг дээр олон хүн санал нийлж байгаа. Болсон, болоогүй ком­пани байгуулчихаад 30 мянган ширхэг хувьцаа эзэмших гэж байна хэмээн хардах хүмүүс ч захаас аваад гарч ирсэн. Гэсэн ч хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх бол компаниудад нэрлэсэн үнээр зар­на гэдгийг холбогдох хүмүүс онцолж байлаа. Түүнчлэн 2010 оны зургадугаар сарын 1-нээс өм­нө компанийн гэрчилгээгээ авч, бүрт­гүүлсэн, гадаадын хөрөнгө оруулалт нь 25 хувиас доош, татвараа төлсөн компаниудад дээрх эрх нээлттэй болох юм. Дээрх шалгууруудаас шалтгаалж хувьцаа эзэмших аж ахуйн нэгжийн тоо өөрчлөгдөх болол­той. Гадаадын хөрөнгө оруулалт нь 25 хувьтай тэнцсэн ком­пани одоогийн байдлаар 400 ор­чим байгаа бөгөөд эдгээрт хувьцаа олгох эсэхийг хэлэлцэж байгаа ажээ. 

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас дараах асуултад хариулт авлаа.

-Иргэд, аж ахуйн нэгжид хуваарилах хувьцааны нэрлэсэн үнэ хэдэн төгрөг байх вэ. Хүмүүс үүнийг их сонирхож байна?

-Иргэдэд олгох 550 ширхэг хувь­цааны нэрлэсэн үнийг заавал одоо зарлана гэсэн хуулийн заалт байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлж байна. Гэхдээ энэ оны нэгдүгээр улиралд багтаан зарлана. Мэргэжилтнүүд өөрсдийн ар­гач­лалаар нэрлэсэн үнийг тооцоод гаргачихсан байгаа.

-Хувьцааны нэрлэсэн үнийг зарлахгүй хойшлуулж байгаагийн шалтгаан нь юу юм бэ?

-Холбогдох бэлтгэл ажлуудыг хийж байна. Хувьцааны нэрлэсэн үнийг энэ оны эхний улиралд багтаан зарлах байх. Түүнээс өмнө хөрөнгө оруулалтын банк, хуулийн зөвлөх компани, аудит хийх олон улсын нэр хүндтэй байгууллага, нөөцийн үнэлгээг хийх техникийн зөвлөхүүдийг шалгаруулах ёстой.

-Хувьцааг иргэдэд хуваарилах явцад ямар нэгэн алдаа гаргах вий гэсэн болгоомжлол байна?

-Монгол Улсын Засгийн га­зарт ч ийм болгоомжлол байгаа. Иргэдэд олгох хувьцаа эрт орой хэзээ нэгэн цагт энгийн хувьцаанд хөрвөнө. Түүнээс өмнө хувьцааны ач холбогдол, үнэ цэнийг ойлгуулах хэрэгтэй. 

Харин “Эрдэнэс МГЛ” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Энэбиш “Хувьцааны нэрлэсэн үнийг аж ахуйн нэгж, компаниуд худалдан авахад хүндрэлгүйгээр боломжийн хэмжээнд тогтоох байх” хэмээн хариуллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааг хуваарилахын өмнө 1-2 жилийн дараа олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр ямар үнээр арилжаалах, үнэлгээ нь ямар байх вэ гэдгийг тооцох ёстой. Харин эдгээр ажлыг хэрхэн хийх зөвлөгөөг олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банкууд өгдөг аж. Одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас хөрөнгө оруулалтын банк, аудитын компаниудад хамтран ажиллах хүсэлтээ явуулжээ. Улмаар хамтран ажиллах саналыг хүлээн авч байгаа бөгөөд хуулийн зөвлөхийн сонгон шалгаруулалтыг удахгүй эхлүүлэх юм байна. Улмаар энэ оны эхний улиралд дээр дурьдсан  үндсэн зарчмуудыг тодорхойлж энэ оны эхний хагас жилд хувьцааг иргэдэд олгоно хэмээн холбогдох хүмүүс хэллээ. 

Иргэдэд хувьцааг хэр­хэн олгох брокер, дилерийн ком­паниудтай хэрхэн хамтрах, мэдээлэл солилцох, иргэдийн бүртгэл, дансыг яаж нээх зэрэг ажлуудыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж, тооцооны тө­вөөс хийж байгаа юм байна. Засгийн газраас иргэдэд хувьцааг олгохдоо брокер, дилерийн пүүсүүдээр дамжуулах эсэхийг шийд­вэрлэх учиртай. Хэрвээ брокер, ди­лерийн компаниуд дээрх ажилд бэ­лэн биш байвал арай өөр хэлбэр сонгохыг үгүйсгэхгүй хэмээн Л.Энэ­биш захирал хэлж байсан. Тиймээс уг ажилд арилжааны банкуудыг орол­цуулж магадгүй аж.  

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж