Ягаахан байшингийн нэг өдөр

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Ягаахан байшингийн нэг өдөр

Сонгодог урлагт дуртай үзэгчдийн ягаан байшин хэмээн нэрлэдэг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын нэг өдрийн амьдралтай танилцах хүсэлдээ хөтлөгдөн энэ их урлагийн айлд зочиллоо. Энэ удаад театр тоглолт үзэх бус арын амьдралтай танилцах учир ажилдчын хаалгаар оров. Хаалгаар дөнгөж ороход л хөгжим эгшиглэж, дуучдын хоолойны дасгалаа хийж буй дуу чимээ гээд нэг л өөр ертөнц угтах шиг. Өглөө эрт байгаа ч театрт харин ч хөл хөдөлгөөн ихтэй, бүжигчид, дуучид аль хэдийнэ бэлтгэлдээ оржээ. Хамгийн эхний уулзсан хүн жижүүр ах “Сайн байна уу, хаашаа орох гэж байна” хэмээн мэндчилэх. Театрын хамгаалагч гэж нэрлэж болох жижүүр ахын ажил өглөө 08.00 цагаас эхэлдэг.
Доош буух жижигхэн шатаар уруудахад симфони найрал хөгжимчдийн өрөө болон, тайзны өмнөх хөгжимчдын байрладаг яам руу орно. Алхах тутамд шат болгон барилгыг эртнийх гэдгийг сануулах шиг болно. Үзэгчдийг тансаг, сайхан орчин угтдаг учир үүнийг тэд мэдэхгүй. Улсын төв театрыг 1927 онд нээгдсэн Ардын цэнгэлдэх хүрээлэнг 1931 онд өргөтгөн байгуулжээ. 1934 онд Д.Нацагдоржийн ”Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг ард түмний дунд дэлгэрсэн ардын дуунуудын аяар харилцан дуулж, нийтэд үзүүлсэн нь Монголын театрын урлагт хөгжимт, дуулалт жүжиг, дуурь тоглох эхлэл болжээ. Үүнээс хойш хөгжимт драм тоглохын зэрэгцээ театрын уран бүтээлчид өөрсдийн дэглэсэн бүжгүүдийг тайзнаа тавьж, ЗХУ-аас уригдан ирсэн бүжгийн мэргэжилтэн Н.В. Кузнецова 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүжгийн ангийг зохион байгуулж, анх удаа бүжгийн үдэшлэг зохиож байжээ.

Театрын нэг давхарт тайз болон найруулагч, эмч, жижиг хэрэглэлийн өрөө, “Театр” кафе байрладаг. Тайзнаа симфони найрал хөгжимчид Италийн удирдаач Роберто Салвалаиотой маргааш болох тоглолтынхоо бэлтгэлд хэдийнэ орсон байв. Уран бүтээлчид, ажилчид өглөө театрт ирээд хамгийн түрүүнд самбар дээрх дуудлагагыг хардаг. Дуудлага гэдэг нь нэг ёсны ажлын төлөвлөгөө, цагийн хуваарь. Найруулагчийн гаргасан энэ дуудлагыг уран бүтээлчид, ажилчид бүгд ёсчлон дагах ёстой.

Театрын хоёрдугаар давхарт дуурийн гоцлол эмэгтэй дуучдын өрөө болон бэлтгэлийн өрөө, хора ангийн бэлтгэлийн өрөө байдаг. Энд энэ цаг үеийн алдартай солист Б.Эрдэнэтуяа,Ө.Уянга, Ш.Наранчимэг, С.Мөнгөнцэцэг, Д.Туяа нартай тааралдах боломжтой. Италийн дуучин Париде Пандолфо энэ өдөр театрт ирсэн байлаа. Солист Б.Эрдэнэтуяа италиар түүний хэлсэн бүгдийг орчуулж байсан. Б.Эрдэнэтуяа бол тайзнаа хатагтай Чио Чио Сан, Тоска, Виолетта, харин амьдрал дээр энгийн, ялдам инээмсэглэлтэй, найрсаг бүсгүй. Харин Ш.Наранчимэг бол тайзнаас харагддаг намбалаг Нансалмаа, ихэмсэг Леонарагаас тэс өөр хүн. Тэр жийнс өмч, үсээ боож яг л нэг жаахан охин шиг энгийн нэгэн. Өглөөний 10.27 цаг болжээ. “Учиртай гурван толгой” дуурийн Балган буюу гоцлол дуучин Э.Бумхүү “Одоо хоолойны дасгалаа уншина. Тэгээд өнөөдрийн дуудлага хэр байна. Харж байгаад дуудлагынхаа дагуу ажиллана даа” гэж явав. Театрын балет анги, дуу анги, хөгжим анги тус бүрдээ даргатай. Одоогоор театрт 25 дуурийн гоцлол дуучинтай. Энэ өдрийн хувьд Италийн дуурийн дуучинтай тоглох дуучид симфони найрал хөгжимчидтэй хамт тайзнаа бэлтгэл хийж байсан. Харин тоглолтод оролцохгүй бусад дуучид “Аида” дуурийн нийллэгтэй байв.

Хоёрдугаар давхарт байрлах цагаан төгөлдөр хууртай өрөөнд дуурийн гоцлол дуучид бэлтгэлээ хийж, багшийн зааврын дагуу ажиллана. Тэд 13.00 цагт өдрийн цайндаа орж, эргээд л бэлтгэлээ хийнэ. Дуу ангийн найрал дуучид өглөө 10.00 цагаас 45 минут ангид бэлтгэл сургуулилт хийгээд 15 минут амраад эргээд бэлтгэлдээ ордог. Театрын дуудлагын дагуу бэлтгэл сургуулилтаа хийдэг. Ер нь л найруулагчийн гаргасан энэхүү дуудлага гэж нэрлээд буй цагийн хуваарийн дагуу ажиллах нь тэдний хувьд хууль. Найрал дууны анги 46 дуучинтай, тэд нэг хүн шиг дуулах нь үнэхээр сүртэй.
   
Үзэсгэлэнтэй балет анги

Театрын хамгийн үзэсгэлэнтэй охид залуусаас бүрдсэн Балет ангиийн дарга нь Ш.Оюунтуяа. Энэ өдөр балет ангийнхан өглөө 10.10 цагаас дасгалаа эхэлж, 11.45 цагт “Хунт нуур” балетын бэлтгэлээ хийв. Балет ангийн бэлтгэлийн заал дөрвөн давхарт байрладаг бөгөөд үргэлж төгөлдөр хуурын аялгуу сонсогдож байдаг. Энэ давхарт театрын хоёр менежерийн өрөө болон тайз заслын заал, зураачид, үйлдвэр ангийнхан байдаг. Чихэнд хоногшсон танил аялгуу… тийм ээ энэ П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын хөгжим байв. Үргэлж гоёмсог хувцастай үзэгчидтэй уулздаг тэд өнөөдөр бэлтгэлийнхээ хувцастай байв. Үнэхээр гоё. Үзэсгэлэнтэй охид, бүсгүйчүүдийн бүжиглэх хөдөлгөөн бүр цаанаа л ихэмсэг. Үзэгчдийн хайртай прима донна Г.Цолмон өд шиг үсрэн, бүжинэ. Харин театрын шинэ цагийн хун хэмээн нэрлэгдэж байсан Б.Саруул энгийн үед ч төрөлхийн цагаан хун биелэн харагдана.

Чадварлаг гоцлол бүжигчдийн нэг О.Ганцоож амьдрал дээрээ ч танхил царайтай. Тэр бол яг л ханхүү. Ихэмсэг төрх, эелдэг инээмсэглэл, танхил царай гээд. Балет ангийн дарга Ш.Оюунтуяа бэлтгэлийг ерөнхийд нь хянаж, Ардын жүжигчин Б.Жамьяндагва гуай бүжигчдийнхээ ур чадвар дээр илүү анхаарч зөвлөж харагдана. Эрэгтэй бүжигчдэд гоцлол бүжигчин Х.Мөнгөнхөлөг багшилж тэдний бүжгийн хөдөлгөөн бүрийг нарийн харж, зааж зөвлөнө. Үргэлж ширүүн догшин дүр бүтээдэг Х.Мөнгөнхөлөгийг бэлтгэлийн үед харахад харин шал өөр байсан шүү. Тайван, сайн дүрийн баатар шиг. Балет ангийн бэлтгэл үргэлжилсээр л…
Балет анги нийт 32 бүжигчинтэй, зургаан эмэгтэй, хоёр эрэгтэй гоцлоочтой. Нэгдүгээр зэргийн дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй солисттой.

Чадварлаг хөгжим ангийнхан

Монголын симфони оркестрынхон үнэхээр чадварлаг гэж гадаадын удирдаач нар хэлж байсан. Тиймдээ ч театрын симфони найрал хөгжимчидтэй ажиллаж үзсэн гадаадын удирдаач заавал эргэн ирдэг байх. Д.Сарантуяа даргатай хөгжим анги 56 хөгжимчинтэй. Тэд бол театрын суурь. Бүх тоглолтод оркестрынхон тоглодог. Хамгийн их ачаалал ихтэй гэж хэлж болно. Хөгжимчид өглөө 10.00 цагаас цуглаж 10.10 гэхэд Италийн удирдаач Роберто Салвалаиотой хамт тоглолтын бэлтгэлдээ оров. Тэд цаг гучин минут бэлтгэл хийгээд 15 минут амардаг. Италийн удирдаач Роберто нь өмнө нь энэ симфони оркестртой ажиллаж байсан учир тэд хоорондоо амархан ойлголцож байлаа. Хэлнээс илүүтэй тэднийг хөгжим хооронд нь ойлгуулж байх шиг. Тайзнаа бэлтгэл хийж буй хөгжимчдийг харахад үнэхээр сүр жавхлантай. Тэд энэ өдөр 17.00 цаг хүртэл тасралтгүй бэлтгэл сургуулилт хийсэн. Эдгээр 56 хөгжимчний нэг нь л байхгүй, өвчтэй бол хөгжмийн дуугаралтад нөлөөлдөг. Тиймээс өвчтэй байсан ч заавал ирэх ёстой гэсэн бичигдээгүй хуультай. 

Өдрийн цайны нэг цаг 

Нэг давхарт байдаг “Театр кафе”-д театрын захирал хатагтай Б.Сэргэлэнгээс эхлээд бүх уран бүтээлчид энд л хооллодог. Цайны цагаар ч тэд бэлтгэл сургуулилт тоглолтынхоо талаар ярих нь сонсогдоно. Дэндүү давчуу жижигхэн кафе учир хүмүүс дугаарлаж, зарим нэг нь хоолоо аваад өрөөндөө иддэг юм билээ. Түрүүлж хэн ирсэн, хэн ширээнд сууж чадсан нь хоолоо кафед идэж байгаа юм. Нэг бодлын яг л арван жилд хүүхдүүд сургуулийн цайны газарт дугаарладаг шиг. Нэг цагийн хугацаанд бүгд амжуулж хоолоо идээд, жаахан амраад авах хэрэгтэй байдаг. Тэгээд л буцаад л бэлтгэл, сургуулилтаа хийнэ.

Сонгодог урлагийн хатагтай Б.Сэргэлэн

Театрын захирал Б.Сэргэлэн цаанаа л ихэмсэг, донжтой хувцасладаг. Өмнө нь бүжигчин байсан энэ бүсгүй театрынхаа төлөө маш их зүйлийг хийсэн гэдэг. Хатагтай Б.Сэргэлэн сүүлийн жилүүдэд театрынхаа гадаад харилцаа болон залуу уран бүтээлчдээ дэмжиж ажиллах тал дээр илүүтэй анхаарч байгаа. Б.Сэргэлэн захирлын урилгаар өнгөрсөн онд Итали, Герман, Франц, Америк, Оросын удирдаачид Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ирж, Якутын театрынхан гурван өдрийн тоглолт хийгээд амжсан. Б.Сэргэлэн “Би амардаггүй, би долоон хоногийн долоон өдөр ажиллаж байгаа ч хэзээ ч ядарч байгаагүй. Би яагаад ядрах гэж. Би сонгодог урлагийн энэ их театр ажиллаж байна. Сонгодог урлаг хүнийг хүмүүжүүлдэг. Бас их эрч хүчийг өгдөг. Тиймээс л би ядардаггүй юм” хэмээн хэлж байв. Заримдаа тэр бэлтгэл сургуулилт хийж байгаа хөгжимчдийн аялгууг сонсохоор үзэгчдийн танхимд, эсвэл тайзны ард зогсож сонсох дуртай гэсэн.

Тайзнаа бэлтгэл хийж байсан симфони найрал хөгжимчид 17.00 цагт бэлтгэлээ дуусч тарж байна. Харин тайз засалчдын ажил одоо л эхэлж байв. Тэд маргааш болох тоглолтын тайзаа засна. “Венецийн үдэш” хэмээх сонгодог тоглолт болох учир тайз засалчид сонгодог орчинг бүрдүүлэхээр шийджээ. Театрын туслах найруулагч Е.Сарантуяа эндхийн хамгийн гол төдийгүй завгүй хүн. Тэр хэн хаана байх, тайз ямар байх  гээд л театрын бүхий л зүйлийг нарийн төлөвлөж хийдэг. Театрынхан бүгд энэ хүнд маш их хайртай. Театрын амьдрал бол ерөнхийдөө бэлтгэл, сургуулилтаас бүрдэх юм билээ. Уран бүтээлчид ингэж өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг ч 200-360 мянган төгрөгийн цалин авдаг гэсэн. Гэхдээ тэд цалингаа голоод явчихдаггүй. Бүгд театртай, их урлагтай холбогдсон учир сэтгэлээрээ ажилладаг нь үнэхээр бахархмаар. Энэ бүх хөдөлмөрийнхээ үр шимд тэд үзэгчдэд баяр баясгалан, кайф, аз жаргалыг өгдөг нь л хангалттай санагддаг юм шиг. Тэд ийм л сэтгэлтэй, ийм л хүндэлмээр, хайрламаар хүмүүс. Нэг өдөрт театрын амьдралыг цаасан дээр буулгана гэдэг дэндүү давчуу гоомой ажил болно. Гэсэн ч театрын хамт олон, амьдралынх нь зөвхөн нэгхэн хэсэгтэй танилцахад үнэхээр сайхан байлаа.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж