Монголын хөлбөмбөгчид урд хөршийг зорив

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгчид урд хөршийг зорив

Манай хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид урд хөршийн зүг хүлгийн жолоо залжээ. Тэд Азийн бүсийн “Challenge cup” тэмцээний урьдчилсан шатанд Филиппиний багтай оноолт таарсан бөгөөд ирэх сарын 9-нд тоглох юм. Үүнээс өмнө хөлбөмбөгчид Гуанжоу хотод Хятадын үндэсний лигийн дөрвөн багтай хамтарсан бэлтгэл хийж, нөхөрсөг тоглолтод оролцох ажээ. “Challenge cup”-ын урьдчилсан тоглолт Филиппиний нийслэл Манила хотод болох байсан ч өөрчлөгдөж тус улсын бизнесийн шинэ төв Баколод зохион байгуулахаар болов. Шигшээ баг Филиппинээс ирээд Эрдэнэт хотын “Хангарьд” спорт клубт 10 хоногийн цугларалтад гарч талбай дээрээ хийх хариу тоглолтын бэлтгэл хангана. Манай улсад болох шийдвэрлэх тэмцээн ирэх гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотод болох юм. Хэрвээ энэ тоглотод хожиж чадвал урьдчилсан шатны хэсэгт орж гурван тоглолт хийх эрхтэй үлдэнэ. Манай багийн өрсөлдөгч тийм ч муу баг биш. Гэхдээ багийн гол довтлогч Крис Гритвич Монголын шигшээгийн эсрэг талбайд гарахгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Америкийн лигт хүчинт зүтгэдэг тэрээр хувийн асуудлаас болж уг тоглолтыг өнжиж байгаа гэнэ. Харин түүний дүү Симон Гритвич шигшээ багтаа дуудагсан аж. Филиппиний шигшээ багийн бүрэлдэхүүнд Норвег, Недерланд, Германы доод лигт тоглодог гурван тоглогч багтсан байна. Мөн тэдний хаалгач Нил Этеридж Английн “Фүлхэм”-д данстай, бас “Челси”-гийн академиар хүмүүжсэн нэж бодохоор өрсөлдөгч нар амар байхгүй нь ойлгомжтой. Филиппиний дасгалжуулагч “Бид Монголын багтай тоглоно. Монголчууд хэр сайн тоглохыг мэдэхгүй юм. Гэхдээ манай залуус хожигдоно гэж бодохгүй байна. Бидэнд давуу тал олон бий. Монголын хөлбөмбөгчидтэй хөлбөмбөгийн ногоон талбайд гарах тэр мөчийг тэсэн ядаж хүлээж байна” хэмээн Филиппиний орон нутгийн нэгэн сонинд ярилцлага өгчээ.


Б.Мөнхзул. Зохиогчийн эрх:
“Үндэсний шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж