“Аватар”-ууд аваргуудын өмнө “сөхрөв”

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

“Аватар”-ууд аваргуудын өмнө “сөхрөв”

“Nissan премьер лиг” хэмээн нэрээ өөрчилсөн Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний шинэ улирлын тэмцээн нээлтээ хийсэн. Дээд лигийн тоглолтын салхийг лигийн гурван удаагийн аварга “Хасын хүлгүүд”, “Милл хаус” компанийн “Аватар” багууд хагалсан. Тив алгасч ирэн манай улсын лигт хүчин зүтгэж буй АНУ-ны гурван легионер залуу эхний тоглолтод аваргуудын эсрэг юу ч хийж чадсангүй 71:63-аар хожигдлоо. Шинэ багтаа гүйцэт идээшиж чадаагүй байгаа АНУ-ын гурван тоглогчийн алдааг хашир аваргууд тун ч овжин ашиглаж байгаа харагдав. Дөрвөн үеийн турш илүүрхсэн тоглогчдоо дасгалжуулагч О.Баярцогт “Манай залуус сэтгэлзүйн тал дээр учир дутагдалтай байна. Хэтэрхий эрт тайвширсан нь гуравдугаар үед том алдаа болох шахлаа. Цаашид ийм алдаа гаргахгүй” гэж хэлэв. Харин дээд лигийн отгон багийн дасгалжуулагч Ларри Сан Тейно “Манай багийнхан гар нийлэхгүй байгаа нь харагдлаа. Бид цаашид бэлтгэлээ шаргуу хийх болно. Нэг их олон хожигдол амсахыг хүсэхгүй байна. “Хасын хүлгүүд”-ийн хувьд үнэхээр хүчтэй юм. Гэхдээ бид нэг алдаагаа олон давтахгүй. Нэгэнт танай улсад сагсан бөмбөг хэмээх гайхамшигтай спортыг хөгжүүлэхийн тулд ирсэн учраас бүх чадвараа гаргах болно. Эв зүйгээ олоод эхлэхээр америк залуус маань ч юу чаддагаа харуулах биз” хэмээн мэдэгджээ. Нээлтийн өдрийн хоёр дахь тоглолтод гавьяат тамирчин Ц.Шаравжамцаар удирдуулсан “Бридж Констракшн”-ы “Баянзүрх Буллз” багийнхан “Энержи Ресурс”-ын “ER Харцага”-ыг 70:62-оор буулга авлаа.

Б.Мөнхзул. Зохиогчийн эрх:
“Үндэсний шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж