Германы хос Европын уран гулгалтын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

Германы хос Европын уран гулгалтын аварга боллоо

Швейцарийн Берн хотноо энэ сарын 24-нд эхэлсэн уран гулгалтын Европын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа ороод байна. Энэ жилийн Европын аваргад Олон улсын тэшүүрийн холбоонд бүртгэлтэй Буурал тивийн 35 орны 160 гаруй уран гулгагч уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон мөсний бүжгийн төрөлд өрсөлдөж байна.

Уран гулгалтын хосын төрөл болон мөсний бүжгийн төрөлд аваргууд тодорсон бөгөөд өнөөдөр эрэгтэй ба эмэгтэй ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэрийн тэмцээн болсноор дээрх хоёр төрөлд аваргууд тодрох юм.

Хосын төрөлд Ванкуверийн олимпийн хүрэл медальт Германы Алёна Савченко, Робин Шолковы нар богино хөтөлбөрт 72,31 оноо авч, тэргүүлсэн бөгөөд чөлөөт үзүүлбэрээр 133,89 оноо авснаар нийлбэр 206,2 оноогоор тэргүүн байрт шалгарч, Европын аваргаар тодорсон байна. Харин мөнгө, хүрэл медалийг ОХУ-ын тамирчид хүртжээ. Юүко Кавагүти, Александр Смирнов нар нийлбэр 203,61 оноогоор мөнгө, харин Вера Базарова, Юрий Ларионов нар 188,24 оноогоор хүрэл медалийн эзэд болжээ.

Мөсний бүжгийн төрөлд Францын Натали Пешала, Фабьян Бурза нар 167,4 оноогоор тэргүүлж, аваргын алтан медаль хүртсэн бол ОХУ-ын Екатерина Боброва, Дмитрий Соловьев (161,14), Их Британийн хос Шинед Керр, Жон Керр (157,49) нар удаахь байруудад шалгарсан байна.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд богино хөтөлбөрийн дараах байдлаар Францын Флоран Амодьо 78,11 оноогоор тэргүүлж байгаа бол эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Финляндын Кийра Корпи 63,5 оноогоор манлайлж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж