Соёлын үнэт бүтээлүүд “шинэ” шилэн хоргонд заларлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

Соёлын үнэт бүтээлүүд “шинэ” шилэн хоргонд заларлаа

Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй үе үеийн 400 гаруй шилдэг бүтээлээс 200 үзмэрийг нь сорчлон дэлхийн стандартад нийцсэн шилэн хоргонд хадгалахаар боллоо. Тэдгээр бүтээлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор бичсэн төсөл АНУ-аас Монгол Улсыд суугаа Элчин Сайдын дэргэдэх Соёлын Өвийн Хадгалалт Хамгаалалтыг Дэмжих Сангаас дэмжигдэж, 27440 ам.долларын санхүүжилтээр  музейн шилэн хоргыг шинэчлэх ажил хийгдэж, 20 ширхэг шилэн хоргыг “Шилэн хийц” компанийнхан хийж гүйцэтгэжээ.

Энэхүү төслийн ажил дууссантай холбогдуулан өчигдөр Монголын уран зургийн галерейд шилэн хоргоны нээлтийн арга хэмжээ болж, АНУ-аас манайд суугаа Элчин сайд болон галерейн захирал, уран бүтээлчдийн төлөөлөл оролцлоо.

Энгийн  шилнээс зургаагаас долоо дахин бат бөх чанартай, хагарсан тохиолдолд хадгалаж буй бүтээлээ гэмтээхгүй бутардаг энэхүү хорго нь  гэрэл цахилгаан авах боломжийг төгс шийдсэн учир тухайн бүтээлийнхээ онцлог, уран нарийн хийцийг тод томруунаар харуулдгаараа онцлог ажээ. Мөн хоргоны хаалга хажуу тийш гүйж, тавиурыг нь дээш доош хэмжээг нь хүссэнээрээ өөрчлөх боломжтойгоос гадна  зөөвөрлөхөд хялбар байх үүднээс хоргонд дугуй суурилуулж өгсөн байна. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж