Усаин Болт Ромын Diamond League-т хурд сорино

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

Усаин Болт Ромын Diamond League-т хурд сорино

Ямайкийн шилдэг спринтер Усаин Болт 2011 оны улирлыг ирэх тавдугаар сарын 26-нд Италийн Ром хотноо болох Diamond League-н цувралаар эхлүүлэхээр шийджээ. Өнгөрсөн жил хөлөндөө гэмтэл авснаар хэсэг хугацаанд уралдаан, тэмцээн өнжсөн олимпийн аварга маань ийнхүү уралдааны талбартаа эргэн ирэхээ зарлалаа. Тэрбээр “Маш олон шилдэг спринтерүүд Ромд гайхалтай амжилт гаргаж байсан. Харин би тэр жагсаалтад өөрийнхөө нэрийг нэмэхийг хүсч байна. Өнгөрсөн зуны бэртэл маань бүрэн илааршсан. Одоо дасгалжуулагчийнхаа заавар зөвлөгөө, төлөвлөгөөний дагуу бэлтгэл, сургуулилтаа хийж байна. Зун гэхэд би формдоо орсон байх болно” хэмээжээ.

Өдгөө 24 настай түүний 2011 оны гол зорилт нь наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Өмнөд Солонгосын Дэгү хотноо болох хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 100 м болон 200 метрийн төрөлд дэлхийн аварга цолоо бататгах явдал гэнэ. Харин Diamond League түүний хувьд чансаагаа шалгах сорилго болох бололтой.

Тив, дэлхий, олимпийн аварга түүний хувьд 2010 он нэгэн мартагдашгүй дурсамж үлдээсэн. Өнгөрсөн оны наймдугаар сард тэрбээр Тайсон Гейд гүйцэгдсэн нь хэзээ ч мартагдахааргүй явдал болсон хэмээн өөрөө ч ярьж байсан удаатай.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж