“Нэгэн зүгт” хайрын баяраар тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

“Нэгэн зүгт” хайрын баяраар тоглолтоо хийнэ

“Нэгэн зүгт” хамтлагийнхан Гэгээн хайрын өдөр буюу ирэх сарын 14-нд “UB Palace”-ын концертын их танхимд “Би чамд хайртай” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлаг байгуулагдаад таван жилийн нүүр үзсэн ч өмнө нь бие даасан тоглолтоо хийгээгүй нь  үзэгч, фенүүддээ чанартай, жинхэнэ шоуг хүргэхэд хараахан тохироо нь бүрдээгүй байсантай холбоотой гэнэ. Хамтлагийнхаа таван жилийн ойд зориулсан анхны бие даасан тоглолтоо тэд “Тайз дэлгэц хосолсон супер шоу тоглолт болно” хэмээн онцолсон юм. “Нэгэн зүгт” хамтлагийн таван жилийн ойн баярын тоглолтыг “ACE” энтертайнментийнхан найруулжээ. Тус тоглолтод  Монголын шилдэг boyband “Камертон”, сүүлийн үед нам жим байгаа ч Монголын хип хоп урсгалыг олонд таниулж чадсан цөөхөн хамтлагийн нэг болох “Люмино”, Монголын реп, хип хопын загалмайлсан эцэг гэгддэг “Хар сарнай” хамтлаг болон дуучин ВХ, Эгшиглэн, Quiza нар хүрэлцэн ирж, ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлэх нь ээ. Мөн бүжгийн “Levis”, “Танд үйлчилнэ” хамтлагууд тэдний толголтод сюпризээ дэлгэх юм байна. Тоглолтын нууцаас дэлгэхэд хамтлагийн дөрвөн гишүүн тус бүр Монгол болон гадаадын дууг өөрийн стилиэр дуулж сонирхуулах гэнэ. Хайрын баяраар тохиож байгаа тоглолтыг зорьж ирсэн хосууддаа “Наран фүүдс” компанийн шоколадны цуглуулга, улаан сарнайн хамтаар бэлэглэх бөгөөд тасалбар авсан эхний мянган үзэгчдэд хамтлагийнхаа цомгийг бэлэглэх ажээ. Мөн энэхүү тоглолтод хамтран ажиллаж байгаа байгууллагуудын гарын бэлэг үзэгчдийг хүлээж байгаа гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж