Ferrari 2011 оны төмөр хөлгөө танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

Ferrari 2011 оны төмөр хөлгөө танилцуулав

“Формула нэг”-ийн шилдэг багуудын нэг Ferrari Италийн Маранелло дахь авто бааздаа 2011 оны улиралд сойх төмөр хөлгөө албан ёсоор танилцууллаа. 2010 онд тус багийн хоёр нисгэгчийн хэн нь ч аваргын цомд хүрээгүй, мөн баг нь зохион бүтээгчийн цом хүртээгүй учир энэ улиралд тэд төмөр хөлөгтөө багагүй анхаарал тавьсан гэнэ. Өнгөрсөн улиралд Алонсо аваргын цомд тун ойр очсон боловч сүүлийн гараанд стратегийн алдаа гаргаснаар Red Bull-ийн нисгэгч Себастьян Веттельд түрүүгээ алдсан юм. Харин Фелипе Масса зургадугаар байрт шалгарсан бол зохион бүтээгчийн цомд Ferrari баг Red Bull болон McLaren-ы дараа гуравдугаар байрт бичигдсэн билээ.

Баасан гаригт F150 загварын уралдааны машиныг тус багийн нисгэгчид болох Фернандо Алонсо, Фелипе Масса нар жолоодож, олон нийтэд танилцуулсан байна. Хоёрдугаар сарын 1-нд Испанид улирлын өмнөх анхны сорилго болох бөгөөд Ferrari-гийн хувьд “Формула нэг”-ийн 12 багаас хамгийн түрүүлж машинаа танилцуулсан баг болж байна. Ferrari-гийн шинэ төмөр хөлөг нь Итали улс дахин нэгдсэний 150 жилийн ойд зориулж, F150 гэх нэртэй ажээ. Ёслолын арга хэмжээний үеэр Ferrari-гийн ерөнхийлөгч Лука ди Монтеземоло “Энэ жил бид заавал түрүүлэх ёстой. Үүний тулд бид чадах бүхнээ дайчилна” хэмээжээ.
Ferrari-гийн 57 дахь “Формула нэг”-ийн төмөр хөлөг болох F150 нь 2011 оны улиралд мөрдөгдөх дүрмийн өөрчлөлтийн дагуу шинэчлэгдсэн юм. Энэхүү уралдааны машин Валенсияд болох улирлын өмнөх эхний сорилгод анхны туршилтаа хийх бөгөөд гуравдугаар сарын 13-нд болох Бахрайны гран-пригаас өмнө шаардлага гарвал нэмэлт өөрчлөлт хийх гэнэ.

Ferrari-гийн дараа Renault, Sauber болон Lotus багууд энэ сарын 31-нд, харин дэлхийн аварга Red Bull болон Mercedes, Toro Rosso багууд хоёрдугаар сарын 1-нд шинэ машинаа танилцуулна. Харин McLaren топ багуудаас ганцаараа Валенсиягийн сорилгод хуучин машинтайгаа уралдах юм. Тэдний хувьд хоёрдугаар сарын 10-13-нд Испанийн Херес хотноо болох улирлын өмнөх хоёр дахь туршилтын уралдааны өмнө шинэ төмөр хөлгөө бэлэн болгохоор ажиллаж буй гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж