“Ав-атар”-чууд мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

“Ав-атар”-чууд мэдээлэл хийлээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээнд энэ жилээс эхлэн оролцох болсон “Милл хаус” компанийн “Ав-атар” баг өчигдөр орой лигийн эхний тоглолтоо хийсний хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Nissan премьер лиг нэрээр зохиогдож буй МСБХ-ны дээд лиг өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд хамгийн эхний тоглолт өнгөрсөн жилийн аварга “Хасын хүлгүүд” болон “Ав-атар” багуудын хооронд болж, 71:63 харьцаатай “Хүлгүүд”-ийн ялалтаар өндөрлөсөн юм. Хэдийгээр эхний тоглолтдоо ялагдсан ч “Ав-атар”-чууд цаашид нэг баг болж нэгдэхийн тулд бэлтгэлээ эрчимтэй хийх болно гэдгээ хэвлэлийн хурлын үеэр ярьж байлаа. Тус хуралд “Ав-атар” багийн дасгалжуулагч Ларри Сан Тейно, АНУ-аас ирсэн гурван лигионер тоглогчид болох Жеффри, Лекс, Вилльямс нар, тус багийн ахлагч Ш.Сэдбазар болон “Милл хаус” компанийн ерөнхий менежер М.Бадар-Ууган тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. “Ав-атар” багийн хувьд үндсэн гурван зорилго дэвшүүлэн лигийн тэмцээнд хүч сорьж буй гэнэ. Мэдээж МСБХ-ны дээд лигийн зорилго болох Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуусыг энэ спортод дуртай болгох, сонирхлыг нь татах үйлст хувь нэмрээ оруулах явдал тус багийнхны зорилго бөгөөд аливаа тэмцээн, уралдаанд оролцож буй багийн хувьд тэмцээнд түрүүлэх, мөн сагсан бөмбөгийн “Ав-атар” багаар дамжуулан “Милл хаус” компанийн үйлдвэрлэж буй “Атар” гурилыг нийтэд сурталчлах зорилго агуулснаа тэд ярьж байлаа. Хэвлэлийн хурлын үеэр АНУ-аас манай улсад ирж, дээд лигийн тэмцээнд оролцож буй гурван лигионер тоглогчдын гэрээний хугацаа болон цалингийн талаар сонирхоход, тэдгээр тоглогчид нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан гэдгийг хэлээд цалингийн хэмжээг харин нууцалж байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж