
Тэмцээний хамгийн “балчир нас” буюу 37-42 насны ангилалд нийт 11 баг өрсөлдсөнөөс хүрэл медалийн төлөө МЭЗ-Арвис багууд өрсөлдөхөөр үлдсэн байна. Лигийн олон жилийн аварга болж байсан хуучин “Эрчим” клубын тамирчид тоглож байгаа МЭЗ багийнхан хожчих болов уу хэмээсэн хөгжөөн дэмжигчид их байна.Харин аваргын төлөө шинэхэн 37-тонгууд буюу MSM багийнхан тун хүчирхэг гэдгээ харуулсаар финалд үлдсэн бөгөөд Эрдэнэтийн хашир бурхинууд буюу Хангарьдын туршлагатай багтай хүч үзэхээр боллоо. Тэмцээн “ЗАЛУУ НАС” VS “ТУРШЛАГУУД” гэсэн энэхүү тулааны эцсийн дүн гартал 50:50 гэсэн харьцаатай байх шиг байна. Энэхүү гал гарсан тоглолтыг үзье хэмээвэл та Мон-Алтиус дээд сургууль дээр 12.00 цагаас заавал очоорой. Тэмцээний дараагийн нас болсон 43-48 насны ангилалд хүрэл медалийн төлөө Замчин-Дельта багууд таарчээ. Залуу насандаа гайхалтай ид шидтэй тоглолтуудыг үзүүлдэг байсан хашир туршлагатай мастерууд болсон Замчин баг төвөггүй ялалтыг байгуулах болов уу. Гэхдээ Дельта багийг ч мөн басаж болохгүй. Тэд хэнийг ч яаж л мэдэх хөлбөмбөгийн хуулиар хариуг барих магадлалтай. Харин алтан медалийн төлөө Улаанбаатар Дээд Сургуулийн баг Хаан Хүнсийн Сод Титэм багтай таарчээ. Тэмцээн Улаанбаатар Дээд Сургуулийн давамгайлал дор өнгөрөх боловч Сод Титэм хариу тактикийг сайтар хэрэгжүүлж чадвал ялах магадлалтай. 60:40 гэсэн харьцаа энэ тоглолтод үйлчлэх болов уу.Бусад ахмад буюу 49-54, 55-аас дээш насны ангилалд тус бүр 5, 5 баг оролцож байгаа бөгөөд өнөөдөр тойргийн тоглолтуудаас хамаарч аваргууд тодорно.