Өмнөд Солонгосын баг хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын баг хүрэл медаль хүртлээ

Катар улсад зохиогдож буй Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт өчигдөр болж, Өмнөд Солонгосын шигшээ Узбекистаны багийг 3:2 харьцаатай хожсоноор хүрэл медалийн эзэн боллоо. Ингэснээр Ази тивийн хошой аварга солонгосчууд 2015 онд Австралид болох дараагийн Азийн аваргад оролцох эрхээ авч байгаа юм. Тоглолтын эхний 39 минут өнгөрөхөд Өмнөд Солонгосын баг гурван ч гоол оруулж, тоглолтыг илт давуу тэргүүлж байсан боловч узбекууд тоглолтын сүүлийн хагаст хоёр гоол оруулж чадсан. Өмнөд Солонгосын багаас Ку Жа-Чёль 18 дахь минутад гоолын салхийг хагалж, улмаар Жи Дун-Вон хоёр гоол оруулсан бол Узбекистанаас Александр Гейнрих дубль хийжээ.

Өмнөд Солонгосын багийн хувьд хагас шигшээд Японы шигшээд торгуулийн цохилтоор хожигдсоноор аваргын төлөө өрсөлдөх боломжгүй болсон бол Узбекистаны шигшээ шөвгийн дөрөвт 6:0-ээр Австралийн багт бут ниргүүлсэн билээ.
Харин өнөөдөр Монголын цагаар 23.00 цагаас Австрали болон Японы шигшээ багууд Ази тивийн аваргын төлөө өрсөлдөнө.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж