Коби Брайнт хамгийн олон санал авчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Коби Брайнт хамгийн олон санал авчээ

NBA-ын 2011 оны Бүх оддын тоглолтод оролцох өрнө ба дорно бүсийн гарааны таван тоглогчдын нэрс тодорлоо. Хоёрдугаар сарын 20-нд “ЛА Лейкерс” болон “ЛА Клипперс” багийн үндсэн талбай болох Стэплс центрт болох NBA-ын 60 дахь удаагийн Бүх оддын тоглолтын гарааны таван тоглогчийг сонгох санал хураалт албан ёсоор өндөрлөж, T-Mobile компаниас ивээн тэтгэж, зохион байгуулсан саналын дүнг албан ёсоор зарласан байна. Санал хураалтаар “ЛА Лейкерс”-ийн супер од Коби Брайнт хамгийн олон буюу 2,380,016 санал авч, 13 дахь удаагаа Бүх оддын тоглолтод оролцохоор сонгогджээ. NBA-ын түүхэнд түүнээс олон буюу нийтдээ 14 удаа оролцож байсан цөөн хэдэн тоглогч байдаг нь Жерри Уэст, Карл Малоун болон Шакил О’Нил нар юм. Кобигийн дараа “Орландо Мэжик”-ийн төвийн тоглогч Двайт Ховард 2,099,204 саналаар хоёрт бичигдэж, дорно бүсийг төлөөлөх нь тодорхой болжээ.

1998 онд анх удаа Бүх оддын тоглолтод оролцож, NBA-ын түүхэн дэх хамгийн залуу Бүх одод тоглогч болсон Коби Брайнт 2002 болон 2007 онд Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртсэнээс гадна 2009 онд Шакилын хамтаар мөн MVP болж байсан билээ. Харин энэ удаад тэрбээр өрнөд бүсийн бүрэлдэхүүнд “Нью-Орлеан Хорнетс”-ын Крис Пол (1,281,597), “Оклахома Сити Тандер”-ын Кевин Дюрант (1,736,728) болон “Денвер Наггетс” багийн Кармэло Антони (1.299.849) нарын хамт гараанд гарна. Төвийн байрлалд “Хьюстон Рокетс”-ын Яао Мин сонгогдсон боловч гэмтэлтэй байгаа учир NBA-ын тэргүүн Дэвид Стерн түүнийг орлох тоглогчийг сонгоно.

Харин дорнод бүсээс Двайт Ховардын хамт 2006, 2008 оны Бүх оддын тоглолтын MVP-гээр шалгарсан, “Майами Хит”-ийн Леброн Жеймс (2,053,011), өнгөрсөн жилийн Бүх оддын MVP Двейн Уейд (2,048,175), “Нью-Йорк Никс”-ийн Амаре Стадмайр (1,674,995), “Чикаго Буллз”-ын Деррик Роуз (1,914,996) нар гарааны бүрэлдэхүүнд багтжээ.

Дээрх тоглогчдоос Кевин Дюрант, Деррик Роуз нар анх удаа гарааны бүрэлдэхүүнд сонгогдож байгаа юм.

Бүх оддын тоглолтод оролцох гарааны тоглогчдыг интернэтээр санал асуулга явуулж, сонгодог уламжлалтай бол сэлгээний тоглогчдыг NBA-ын 30 багийн ахлах дасгалжуулагчдын саналаар тодруулдаг билээ. Ингэхдээ аливаа дасгалжуулагч өөрийн бүсэд хамаарагдах долоон тоглогчид саналаа өгнө, хоёр хамгаалагч, хоёр довтлогч, нэг төвийн тоглогч, харин үлдсэн хоёр тоглогч нь аль ч байрлалд тоглодог тоглогч байж болох дүрэмтэй. Гэхдээ дасгалжуулагчид өөрийн багийн тоглогчдод санал өгөх боломжгүй юм. Бүх оддын тоглолтод оролцох сэлгээний тоглогчдыг хоёрдугаар сарын 6-нд зарлана.

Бүх оддын тоглолтод оролцох гарааны тоглогчид:

Дорнод бүс:

Довтлогч: Амаре Стадмайр /Нью-Йорк Никс/
Довтлогч: Леброн Жеймс /Майами Хит/
Төвийн тоглогч: Двайт Ховард /Орландо Мэжик/
Хамгаалагч: Деррик Роуз /Чикаго Буллз/
Хамгаалагч: Двейн Уэйд /Майами Хит/
Ахлах дасгалжуулагч: Одоогоор тодорхойгүй

Өрнөд бүс:

Довтлогч: Кармэло Антони /Денвер Наггетс/
Довтлогч: Кевин Дюрант /Оклахома Сити/
Төвийн тоглогч: Яао Мин /Хьюстон Рокетс/
Хамгаалагч: Коби Брайнт /ЛА Лейкерс/
Хамгаалагч: Крис Пол /Нью-Орлеан Хорнетс/
Ахлах дасгалжуулагч: Грег Попович

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж