Ли На “Их дуулга”-д финалдсан анхны Ази тоглогч боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Ли На “Их дуулга”-д финалдсан анхны Ази тоглогч боллоо

Хятадын теннисчин Ли На Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд дэлхийн номер нэг теннисчин, Данийн Каролина Возняцкиг хожсоноор “нээлттэй” тэмцээний горимд шилжсэнээс хойш “Их дуулга”-ын тэмцээний финалд шалгарсан Хятадын төдийгүй Ази тивийн анхны тамирчин боллоо. Өдгөө 28 настай тэрбээр өнгөрсөн жил Мелбурнд хагас шигшээд шалгарч байсан бөгөөд энэ удаад дэлхийн тэргүүн теннисчинтэй хоёр цаг гаруй ширүүн өрсөлдсөний эцэст 3-6; 7-5; 6-3 харьцаатай ялалт байгуулжээ. Ингэснээр Ли На аваргын төлөө Бельгийн теннисчин Ким Клейстерстэй тоглох болж байна. Клейстерсийн тухайд хагас шигшээд ОХУ-ын Вера Звонареваг 6-3; 6-3 харьцаатай дараалан хоёр сетэд хожиж, финалд өрсөлдөх эрхээ авчээ.

Өнгөрсөн жилийн Австралийн нээлттэй тэмцээнд Ли болон Жен Жие нар хоёул хагас шигшээд шалгарч, Хятадын теннисчдийн хувьд өндөр амжилт үзүүлсэн юм. Харин энэ жил Ли На өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, аваргын төлөө АНУ-ын нээлттэй тэмцээний гурван удаагийн аварга Клейстерстэй өрсөлдөхөөр болоод байна.

Анх 1968 онд зөвхөн мэргэжлийн теннисчдийн эрин үе эхэлснээс хойш “Их дуулга”-ын финалд Азийн нэг ч тоглогч шалгарч байсан удаагүй. Ли На спортынхоо замналын туршид дэлхийн чансааг тэргүүлж буй теннисчинг хоёр дахь удаагаа өмнөө сөхрүүлсэн нь энэ. Өмнө нь 2008 онд тэрбээр Штутгарт хотноо тухайн цаг үеийн дэлхийн номер нэг Серена Уильямсыг хожиж байсан бол өдгөө Возняцкиг буулган авлаа. Тэрбээр “Миний хувьд, багийн минь хувьд, хятадын ард түмний хувьд чухал үйл явдал боллоо гэж бодож байна. Бүхий л амьдралын минь туршид хадгалагдах сайхан дурсамж энэ боллоо” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж