Ерөнхий сайд есөн алдартныг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд есөн алдартныг тэргүүллээ

Монголын өдөр тутмын “Өнөөдөр” сонин жил бүрийн цагаан сарын босгон дээр улиран одож буй оны алдартнуудыг тодруулдаг уламжлалтай. XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн есөн алдартныг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд магнайлж, тус сонины хамт олноос цалин цагаан бадамлянхуа, ногоолин хаш чулуун суурьтай бар жилийн дүрсийг цул мөнгөөр урласан цом гардлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд есөн алдартныг илт давуугаар , тасархай манлайлсан гэдгийг шалгаруулалтыг зохион байгуулсан “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар хэлээд түүний санаачлан эхлүүлсэн Европ стандарт, Кембрижийн боловсролын тогтолцоо Монголын ирээдүйтэй гарцаагүй хамаатай гэлээ. Мөн МАН-ын шинэчлэлийг гардан зохион байгуулсан гэдгийг ч дурдаад урьд өмнө хэн ч зүрхлээгүй, хэзээ нэгэн цагт хийх л байсан ажлыг барьж авсан зоригийг нь олон нийт үнэлж түүнд саналаа өгсөн гэдгийг бар жилийн тэргүүн алдартанд цомыг нь гардуулахдаа тодотгож байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүн алдартны хувьд оны алдартнуудаа төлөөлж хэлэхдээ, арван жил дараалан зохион байгуулсан энэхүү уламжлалт шалгаруулалтыг нийгмийн салбар бүрийг төлөөлөх төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийн саналаар нээлттэй, ил тод явуулдгийг нь онцлоод хоёр дахь удаагаа шалгарсандаа талархаж байгаагаа илэрхийллээ. 

Мөн тэрбээр Засгийн газрын тэргүүний хувьд улиран одож буй төмөр бар жилийг улс орны ирээдүйн хөгжилд нөлөө үзүүлэх томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн үндсийг тавьсан, үйл явдлаар баялаг болсон гэж дүгнээд 2010 онд эх орныхоо хөрсөнд ургасан буудай, төмсөөр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангасан, “Хөгжлийн банк” байгуулж,  “Хүний хөгжил сан”-гаас ард иргэддээ байгалийн баялгаас анх удаа адил тэгш хэлбэрээр хишиг, хувь хүртээж эхэлсэн, Тавантолгойн орд газрыг ашиглах, бүтээн байгуулалт өрнүүлэх түүхэн чухал шийдвэрүүдийг гаргасан гэдгийг онцоллоо.    

Өмнөх оны амжилтаа үргэлжлүүлж, 2011 оныг Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарласныг Ерөнхий сайд тэмдэглээд, иргэд маань ажлын байртай болж, ядуурлыг бодитой бууруулж, өнгөрсөн жил суурийг нь тавьсан ажлынхаа үр шимийг гаргах бүтээлч ажлын жил байх болно гэж төлөвлөж, ажиллаж байгаа гэж хэллээ.

Ийнхүү бар жилийн алдартнуудыг Ерөнхий сайд С.Батболд магнайлж, гавьяат тамирчин С.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Монгол Улсын УИХ-ын дарга Д.Дэмбэрэл,  Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар алдартнаар тодорчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж