С.Батболд бар жилийн алдартныг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

С.Батболд бар жилийн алдартныг тэргүүллээ

Монголын өдөр тутмын “Өнөөдөр” сонин 10 дахь удаагаа XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар  жилийн есөн алдартнаа  өнөөдөр тодруулж, шагналыг нь гардуулан өглөө. Жил бүр сар шинийн босгон дээр тухайн жилийнхээ есөн алдартныг 100 хүний санал асуулгаар нээлттэй ил тод тодруулдаг гэдгээрээ энэхүү шагнал онцлог юм.

Бар жилийн есөн алдартныг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд анх удаагаа тэргүүлсэн юм. Тэргүүн алдартандаа “Өнөөдөр” сонин цул мөнгөөр урласан бадамлянхуа цэцэг бүхий ногоон хаш чулуун дээр цул мөнгөөр сийлсэн дурсгалын цом гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Монголын чөлөөт бөхийн түүхэнд хагас жаран тасраад байсан Чөлөөт бөхийн дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж, Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг есөн алдартныг аман хүзүүдсэн юм. Харин есөн алдартны гуравдугаарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тодорчээ. Эрхэм Ерөнхийлөгч Швейцарь улсад албан ёсны айлчлалтай явж таарсан тул шагналыг нь нэхэн гардуулахаар болсон юм. Түүнчлэн есөн алдартнаар Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар тодорлоо. Дашрамд дуулгахад Монгол Улсын шадар сайд М.Энхболд “Өнөөдөр” сониноос санаачлан зохион байгуулдаг  “Есөн алдартан”-ны нэгээр тасралтгүй 10 удаа шалгарч түүхэн амжилт тогтоож байгаа нь энэ  аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж