Хулгайн гэмт хэрэг эрс ихэслээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Хулгайн гэмт хэрэг эрс ихэслээ

Иргэдийн анхаарлыг сарниулж, эд зүйлийг нь дээрэмддэг, хулгайлдаг хэрэг нийслэлд цөөнгүй гарах болсон байна. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас нийт иргэддээ хандаж үл таних хүн таны анхаарлыг сарниулсан асуулт тавих, тусламж хүсэх, зүй бус харьцах байдлаар анхаарлыг тань сарниулахаас сэрэмжлэхийг анхааруулж байна. Өнгөрсөн хоногт нийслэлд хулгайн 11 хэрэг гарсны 2 нь бусдын анхаарлыг сарниулж, эд зүйл, мөнгийг нь хулгайлсан хэрэг байв. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг Бөмбөгөр худалдааны төвийн гаднаас энэ сарын 27-ны 14:00 цагийн орчим  иргэн 54 настай эмэгтэй Э-г УБВ 38-92  дугаартай High Cander машиндаа суух гэхэд дунд зэргийн нуруутай, бор хүрэмтэй этгээд “обуд авах уу?” гэж анхаарлыг сарниулан эсрэг талын хаалгаар нь 110 мянган төгрөг, бичиг баримт эд зүйл бүхий цүнхийг нь хулгайлсан  байна. Мөн Баянгол дүүргийн 15 дугаар хороо,10,000 нэрийн  барааны дэлгүүрийн урд  авто машины зогсоол дээр байсан машинаас  их хэмжээний мөнгө хулгайд алдлаа гэсэн мэдээллийг шалгахад, “Кензо трейд“  ХХК-ны захирал А-г дэлгүүрт  ороод 30-40 минут болоод ирэх  хооронд УБВ  70-80 дугаартай “Ниссан-Тина“ машинаас 16 сая төгрөг алдагдсан болохыг тогтоожээ. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.  


Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж