“Толин хул” наадмын Гранпри шагналтан тодорчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Толин хул” наадмын Гранпри шагналтан тодорчээ

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн дуулснаар монгол түмний зүрх сэтгэлд хоногшсон  алдарт “Толин хул” дуугаар овоглосон морины тухай дуу дуулаачдын анхдугаар наадам саяхан болж, амжилттай өндөрлөжээ.

“Толин хул мину зэ” нэртэй энэхүү наадамд мэргэжлийн урлагийн байгууллагаас гадна Өвөрмонголын өөртөө засах орны дуучид зэрэг 70 гаруй уран бүтээлч оролцсоноос Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх “Сүлд” чуулгын дуучин н.Ариунбаатар тэргүүлж, Гранпри шагналын эзэн болжээ.

Дашрамд сануулахад, энэхүү наадмыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү санаачилж, нийслэлийн Хан-Уул дүүргийн Соёлын ордон, Монголын концертын төв, NTV телевизүүд хамтран зохион байгуулсан юм байна. Цагаан сарын өмнөхөн зохион байгуулж байгаа “Толин хул мину зэ” наадмыг цаашид жил бүр уламжлал болгохын зэрэгцээ морины тухай шүлэг бичсэн найрагчдыг оролцуулж байхаар болжээ.

Учир нь УИХ-ын дэд дарга  Г.Батхүү 2002 онд “Толин хул” дууны үгийг бичиж,  “Харанга” хамтлагийн ахлагч Д.Чулуунбаатар ая данг нь хийж, дуучин Х.Лхагвасүрэн дуулснаар эдүгээ монгол түмний сонсох дуртай хамгийн сайхан дууны нэг болж, мөнхөрсөн тул цаашид энэ чиглэлийн олон сайхан уран бүтээлийг хөхүүлэн дэмжихийг зорилгоо болгож буй нь энэ юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж