Дэлхийн банкны сэрэмжлүүлгийг Монголбанк тоосонгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны сэрэмжлүүлгийг Монголбанк тоосонгүй

Дэлхийн зах зээл дээр эрчим хүч, хүнс, нефтийн үнэ өсч байна. Нефть л гэхэд алгуурхнаар өссөөр 96 ам.долларт хүрчээ. Мөн Орост нүүрлэсэн ган гачиг, Австралид болсон үер энэ онд хүнсний  хямра­л бий болохыг сануулж байна. Гэтэл манай улсын дотоодын хүнсний зах зээл чадамж муутай, махны үнийн өсөлтөөс шалтгаалж инфляци өсдөг байдал арилаагүй байгаа. Ийм байхад “Инфляци энэ онд 25 хувиас давна шүү” гэсэн Дэлхийн банкны сануулгыг Монголбанк анхааралдаа авах хэрэгтэй байв. Харин Монголбанк өчигдөр болсон уулзалтынхаа үеэр инфляцийн талаарх Дэлхийн банкны тэрхүү төсөөллийг бараг авч хэлэлцсэнгүй. Тэдний үзэж буйгаар өмнөх жилүүдэд болсон шиг том хэмжээний хямрал нүүрлэх  магадлал бага байгаа аж. Хямарлаа гэхэд Монголбанкны одоогийн чадамж муугүй байгаа бололтой. Мөн гадны хөрөнгө оруулагчид биднээс эдийн засгийн эерэг өсөлтийг хүлээж байгаа болохоор энэ онд эдийн засаг буурах биш өсөх бүрэн боломжтой гэв.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалаас цөөн асуултад хариулт авлаа

-Дэлхийн банкны зүгээс мөнгөний бодлогод нэлээд шүүмжлэлтэй хандаж байна лээ. Тэд энэ онд инфляци хоёр дахин өснө гэсэн?

-Санаж байвал өнгөрсөн оны тавдугаар сард Монголбанкнаас 2011 онд инфляци нэлээд өсөх нь гэсэн төсөөлөлтэй байсан. Учир нь 2009 онд байдал хүнд байсан шүү дээ. Зээл гарахгүй, валютын нөөц эрс буурсан зэрэг сөрөг зүйл их байлаа. Түүнээс үүдэж бид нэлээд айдастай, эргэлзээтэй, инфляци өсч болзошгүй гэсэн бодолтой байсан. Харин энэ байдал өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас өөрчлөгдсөн. Тухайлбал, оны эхэнд валютын орох, гарах урсгал 200-300 сая доллар байсан бол оны төгсгөлд миллиард долларт хүрсэн юм. Яг энэ мэтээр банк, санхүүгийн салбарт байдал огцом сайжирсан. Тиймээс энэ онд инфляцийг өндөр байна гэж бодохгүй байна.

-Гэхдээ инфляци өнгөрсөн оны эцэст 12 хувьтай байснаа бараг 14 хувьд хүрсэн байх аа?

-Оны эцэст инфляци 13.5 хувьтай гарсан. Түрүүн хэлсэн шүү дээ оны эхэнд бидний инфляцийн төсөөлөл нэлээд өндөр байсан. Бараг 27 хувьд хүрнэ гэх яриа ч байлаа. Ер нь Дэлхийн банкны хэлж байгаа тоонд нэг их сэтгэгдэл хэлмээргүй байна. Инфляци өсөх хүчин зүйлүүд байгаа нь үнэн. Гэхдээ бид нэг оронтой тоонд барих боломжтой гэж үзэж байгаа. Яахав, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт манай улсын инфляцийг хөөрөгдөх гол хүчин зүйл болдог. Дэлхийн зах зээл дээр хүнсний үнэ хэрхэн өсч байгааг харж байна. Гэхдээ муугийн хажуугаар эерэг төсөөллүүд олон байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж