
УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт Сэлэнгэ аймгаас төрсөн “Улсын сайн малчид”-д, шагналыг нь гардууллаа. Энэ жил Сэлэнгэ аймгаас Жавхлант сумын Моностой багийн Чурайн Эрдэнээ, Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн Чойрогийн Баасанжав нар “Улсын сайн малчин”-аар шалгарсан юм. Мөн Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн малчин Д.Жамсран оны хамгийн олон төл бойжуулан авч “Алтан хурганы эзэн”-ээр шалгарсанд Сангийн сайд баяр хүргэж шагналыг нь гардуулсан юм. Сангийн сайд С.Баярцогт шагнал гардуулах ажлынхаа зэрэгцээ Сэлэнгэ аймгийн орон нутгийн өвөлжилтийн байдалтай танилцав. Сэлэнгэ аймгийн 17 сумын 49 багийн 7748 малчин өрхөд 1266,5 мянган буюу хонин толгойд шилжүүлснээр 2,3 сая мал өвөлжиж байна. Аймгийн нийт нутгаар 10 дугаар сараас хойш 8 удаа их бага цас орж, 5-18 см цасан бүрхүүл тогтжээ. Малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаасан тул малын хорогдолгүй байгаа аж.