Н.Удвал: Бид Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрээ авна

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Н.Удвал: Бид Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрээ авна

Улс төрийн хамгийн халуун цэг болоод буй МАХН-ын түр штабын зохицуулагч Н.Удвалыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-МАХН-ын түр штабаас зохион байгуулж байгаа энэ удаагийн онц их хурлыг хууль ёсны Монгол ардын хувьсгалт намын онц их хурал гэж үзэх нь зөв үү гэдэгт та юун түрүүнд тайлбар өгөхгүй юу?

-Энэ      бол албан  ёсны  Мон­гол   ардын хувьсгалт  намын онц их хурал. Бид МАХН-ын гишүүдийн саналын дагуу энэ хурлыг хийж байна. Жирийн гишүүдийн итгэл үнэмшилд тулгуурласан хурал гэж болно. Энд Монгол ардын хувьсгалт намыг гэсэн итгэл үнэмш­лийг амьдралынхаа нэг хэсэг болгочихсон хүмүүс цугларсан. Тоо бол сонин биш шүү дээ.

-Та мэдээж Монгол ардын намын удирдлагуудыг да­гаагүй хүмүүсийн цугларал гэж хэлэх байх. Тийм үү?

-Тийм ээ, дагасан хүмүүс нь тэднийгээ дагаад л явна биз. Өөр зүйл хэлмээргүй байна. Тэглээ гээд бид тэднийг дагалтай биш дээ.

-Яагаад?

-Тэдний үзэл бодол сайхан санагдахгүй л байгаа байхгүй юу. Тийм болохоор тэдэнд сайн сайхныг хүсээд л замаа салгах нь зөв шүү дээ.

-Энэ хуралд хэдэн тө­лөөлөгч ирэх байсны хэд нь ирсэн бэ?

-Уг нь 1080 хүн ирэх байснаас 900 гаруй төлөөлөгч  ирлээ.

Настай хүмүүс маань цагаан сараа тэмдэглэх гээд ирж амжсангүй. Холын нутгаас ирэх гишүүд маань бас жаахан саатах шиг боллоо. Ямар ч байсан хурал их амжилттай болж байна. Бид анхнаасаа эрх мэдэлтэй дарга нарыг ирээсэй гэж бодоогүй. Жирийн амьдралаар амьдарч байгаа хүмүүсийг ирээсэй гэж хүссэн. Тэд маань ч ирлээ.

-Та бүхний нэгдэж байгуулах нам ямар чиг шугамаар явна гэж бодож байна вэ?

-Монгол ардын хувьсгалт намын уламжлалыг хадгалсан, одоо­гийн нийгмийн тул­гамдсан асуудлыг шийд­вэрлэхийн төлөө хөдлөх нам байна. Дээр нь Чингис хааны үеийн төрийн зохион байгуулалтыг улс төрийн нам руу хөвөргөсөн олон шинэчлэлийг хийнэ. Дарга нарын эрхийг багасгаж, гишүүдийнхээ эрхийг хам­гаалсан заалттай мөрийн хөтөлбөр боловсруулан, бэлгэ тэмдгээ батлаад 801 хүний гарын үсгээ авч Дээд шүүх дээр очиж батлуулна.

-Нэрийн тухайд?

-Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрээ авна.

-Ц.Шинэбаяр гишүүний авсан Монголын алдарт хувьсгалт нам гэдэг нэрийг баталгаажуулах юм биш үү?

-Үгүй ээ. Энэ нэрээр санал хураахгүй. Дээд шүү­хэд өнөөдөр Монгол ардын хувьсгалт нам гэдгээр бүрт­гэлтэй нам байхгүй байгаа учраас бид энэ нэрээ авах бүрэн боломжтой. Ардын намынхан Г.Баасан ламын байгуулсан Монгол Ардын нам гэсэн нэрийг авч болоод байхад бидэнд боломж олгохгүй гэж байхгүй байлгүй дээ.

-Төлөөлөгч дундаас ганц нэг хүн “Манай намын байрыг шатаасан хүн энэ хуралд сууж байгаа нь ямар учиртай юм бэ” гэж байсан?

-Энд тэгж үймүүлэх зорилготой 30-аад залуу орсон юм билээ.

-Хаанаас гэдгийг нь судалсан уу?

-Судалж үзэлгүй яах вэ. Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны залуус гэсэн. Урьд шөнөжингөө л баахан юм болсон сурагтай байна лээ. Сая гэхэд 30-аад согтуу залуу орох гэж үзсэн байна. Бид аюулгүй байдлаа хангуулах үүднээс хамгаалалт авсан. Тэд явуулсан гэсэн.

-Гучуулаа мандат авсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Бид хүн бүрт нээлттэй байх ёстой гэж үзсэнийг далимдуулж цаад талаас өөрсдийн хүмүүсийг шургуулсан бололтой.

-Та нар удаа дараа “Н.Энхбаяр дарга бидний цаана байхгүй” гэж байсан. Тэгвэл Н.Энхбаяр дарга та бүхний хуралд өөрийн биеэр оролцсоноос үүдээд цаашид нэг замаар явна гэж ойлгож болох уу?

-Би энэ асуултад баталгаатай гэсэн хариулт өгч чадахгүй. Ямар ч байсан бид “Бидэнтэй нийлээч ээ” гэж хүсэлт тавьсан. Хүн алдаж болно. Гол нь алдаагаа ойлгож болно. Түүнийгээ залруулахыг хүссэн хэн ч байсан бид хамтарна гэж бодож байгаа. Үнэхээр Н.Энхбаяр даргаас өөр тэгж байгаа хүн алга байна шүү дээ.

-Н.Энхбаяр дарга болон таны тавьсан илтгэлийн ерөнхий агуулга нэг их чанарын ялгаагүй адилхан санааг илэрхийлсэн нь анзаарагдсан. Энэ нь үзэл бодол нэг багц гэдгийг илэрхийлсэн үзүүлэлт юм биш үү?

-Ерөөсөө энд тавьсан илтгэлүүд манай намын мөрийн хөтөлбөрийн чиг шугам болж явна.

-Н.Энхбаяр даргын илтгэл ч үү?

-Тийм ээ. Бүгд л бодлого тодорхойлох илтгэлүүд байсан гэж үзэж болно.

-Таны илтгэлийн гол өнцөг болох “шинэ хүн” гэдэг томъёоллоор дамжуулж та бүхнийг шинэ улс төрийг санал болгож байна гэж үзэж болох уу?

-Ерөөсөө шинэ төрийг цогцлоон босгох, ёс суртахуунтай шинэ улс төрийг бий болгох нь бидний зорилго. Үүний төлөө бид шударга, зарчимтай шинэ хүнийг бий болгох ёстой.

-Та бүхний улс төрийн хүсэл сонирхлыг нийгэмд хагарал бий болгож байна гэсэн шүүмжлэлд ямар тайлбар өгөх вэ?

-Уг нь хэсэг нөхөд маань л Г.Баасан ламын намд нэгдчихсэн болохоос бус Монгол ардын хувьсгалт нам бол маш цул улс төрийн хүчин. Сүүлдээ Э.Бат-Үүлийн хэлж байгаагаар бол Ардчилсан намтай нэгдэх юм шиг байна лээ. Бид хагаралдаагүй. Тэд л хагарч явсан. Бид бууриа сахиж үлдсэн. Түүнээс бус нийгмийг хагалсан зүйл байхгүй. Одоо үнэндээ тэдэнтэй зууралдаж, маргаж мэтгэлцмээргүй бай­на. Урдах замаа хараад л өөрсдийнхөөрөө явна.

-Өнөөдөр та бүхний үйл ажиллагааг дэмжих улс төрийн жижиг нам болон иргэний хөдөлгөөнийхөн чамгүй олон гарч ирж байх шиг байна. Тэдний зарим нь энэ бүх шударга бус зүйлийг төрийн эргэлт хийх замаар өөрчлөх хэрэгтэй. Болохгүй бол дараагийн тэмцлийн хэлбэрийг сонгоно гэж ярих болж. Та энэ бүхнээс эмээхгүй байна уу. Осолтой биш үү?

-Бидний зүгээс янз бүрийн аймшигтай зүйл хийнэ гэж яриагүй. Шударга ёс, хариуцлага, ёс суртахууны хувьсгал хийнэ л гэж ярьж байгаа. Бидний хувьд дүр­мээрээ улс төрийн намуудыг үндэсний эв нэгдэл, зөв­шилцөлд уриална. Улс төрийн хагарлыг дэмжих ямар ч зорилго бидэнд байхгүй. Үндэсний тусгаар тогтнол, язгуур эрх ашгийн төлөө хэнтэй ч зөвшилцөнө.

-Шаардлагатай бол Ар­дын намынхантай ч гэсэн үү?

-Зөвшилцөнө. Тэд үнэ­хээр бидэнтэй ярина гэвэл зөвшилцөнө. Гол нь ярьж байгаа, зорьж байгаа зүйл нь л Монгол Улсын төлөө бол хэнтэй ч ярина.

-Эхний ээлжинд нэгдэж, нийлэхээр ярилцаж буй улс төрийн нам, хөдөлгөөн байна уу?

-Одоогоор алга байна. Анх МАХН-ын түр штабыг байгуулахад бидэнтэй ирж уулзсан хүмүүс бий. Тэр үед эхний ээлжинд намынхаа дотоод асуудлыг цэгцлээд, дараа нь энэ талаар ярилцах нь зөв гэдэг байр суурийг бид баримталсан. Шууд нэгдэнэ, нийлнэ гэж байхгүй. Жагсаал цуглаан хийх зорилго бидэнд байхгүй.

-МАХН-ын түр штабын зохицуулагчийн үүрэг хү­лээсэн таван хүний дунд намын албан тушаалаас үүдэлтэй зөрчил үүссэн гэх яриа гарах болсон байна билээ?

-Одоогоор тийм зөрчлийг би олж хараагүй. Миний хувьд шударга ёсны төлөө гэсэн хүн бүртэй баг болж ажиллаж чадна. Тэгээд ч би энэ багтаа итгэж байгаа.

-Удирдах зөвлөл, Хянал­тын зөвлөлийн гишүүдийг сонгоход тодорхой болзол гэж байх уу?

-Байлгүй яах вэ. Адаглаад л өөрийгөө зөв аваад явчихдаг байх хэрэгтэй. Ярьж байгаа зүйлээ ойлгодог байх хэрэгтэй.

-Санхүүгийн чадавхийг нь харж үзэх үү. Наад зах нь, бусад намын удирдлагад багтахын тулд жилдээ тодорхой хэмжээний хандив өргөх үүрэг хүлээдэг шүү дээ?

-Одоогоор яг тийм тодорхой яриа алга. Ер нь бол санхүүгийн журам гаргахгүй бол санхүүжилтийн асуудал бас их хүнд байгаа л даа. Энэ бол бидний хувьд хамгийн хүндрэлтэй зүйл.

-Энэ онц их хурлыг зохион байгуулахад санхүүжилтээс болж асуудал үүссэн гэдэг нь үнэн үү?

-Тэгсэн, тэгсэн. Нуугаад байх юм байхгүй ээ.

-Тэгээд санхүүгийн асуудлаа яаж шийдсэн бэ?

-Яах вэ дээ, гуйх нэгнээсээ гуйгаад л. Өөрсдөдөө байгаа хэдийгээ ч гаргаад л хийсэн.

-Тэгвэл ингэн, ингэн улс төр хийх нь ямар хэрэгтэй байдаг юм бэ?

-Би бол шударга ёсны төлөө явахыг хүссэн. Би энэ зарчмын төлөө таван жил явж байна. Намайг Эрүүл мэндийн дэд сайдаас буусны дараа Япон, Өмнөд Солонгост суу гэж хэлж байсан. Би яваагүй. Надад тийшээ явж байснаас эндээ өөрийн зарчмын төлөө ажиллах нь зөв санагддаг юм.

-Цаашид энэ МАХН-ын түр штабын удирдлагад байгаа хүмүүсийг Ардын намын талаар байр суурь илэрхийлэхгүй гэж ойлгож болох уу?

-Одоо Ардын нам битгий хэл Ардчилсан намын талаар ч ярих сонирхол алга. Иргэний зориг, Ногоон намын талаар ч ярихгүй. Энэ намынхаа зарчмаар л ажиллана. Ямар ч байсан миний хувьд шүү дээ.

-Та бүхэн Ц.Шинэбаяр гишүүний удирдлагад ажиллаж байгаа. Түүний улс төрийн карьерт итгэж байна уу. Тэр хүнийг намын дарга болж чадна гэж та үзэж байгаа юу?

-Энэ асуултыг Ц.Шинэбаяр даргаас асуух хэрэгтэй байх. Өнөөдөр санал хураалтад манай намын гишүүд хэний нэрийг дэвшүүлж, хэр олон нэр яригдахыг мэдэхгүй байна. Одоогоор намын даргагүй байгаа учраас гишүүд л бүгдийг шийднэ. Ерөнхийдөө өнөөдөр л бүх зүйл шийдэгдэнэ. Энд нэг зүйлийг онцлоход итгэл үнэмшил гэдэг зүйл үнэхээр чухал юм байна.

-Н.Энхбаяр даргыг “Та бүхэнтэйгээ хамт явна аа” гэвэл танайхан баяртайгаар хүлээж авах уу?

-Тэгэлгүй яах вэ. Бид зөвхөн Н.Энхбаяр даргыг ч бус хэнийг ч гэсэн талархан хүлээж авна. Бидний үзэл бодлыг дэмжиж, шударга ёсны төлөө хамтдаа зүтгэх хүсэлтэй хүн бүрт нээлттэй ажиллана.

-Та бүхний яриаг анзаарахад “Монголд болж бүтэж байгаа зүйл нэг ч байхгүй. Бүгд уруудан доройтчихжээ” гэсэн сэт­гэгдэл төрөхөөр юм билээ. Ингэж хэт нэг талыг барьж тайлбарлах нь өөрөө бас хэт дэгсдүүлсэн хэрэг биш үү?

-Энд хуралдаж байгаа хүмүүсийн хувьд нийгэм тэгж л харагдаж байгаа. Харин өөр хоёр хувийн хүмүүсийн хувьд л нийгэм сайхан байгаа байх. Жирийн иргэдээсээ мянга дахин илүү сайхан амьдарч байгаа юм чинь арга ч үгүй байлгүй дээ. Гэхдээ тэдэнд айдас бий. Тэр бүх тансаглалынхаа төлөө тэд айж байгаа. Үнэхээр Монголд жаргалтай хүн байхгүй болчихсон шүү дээ.

-Тэгвэл та бүхний улс төрийн оролцоо Монголд ямар үр дүн авчрах вэ. Зорилго ёсоор тань болбол шүү дээ?

-Шударга ёсыг авчирна. Бид Монголын хүн бүрийн сэтгэлдээ тээж яваа зорилгыг чиг шугамаа болгож байгаа учраас бусад мөнгөтэй улс төрийн намуудаас хамаагүй хүчтэй явна гэдэгт итгэж байна.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж