Египетчүүд гудамжинд гарч байна

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Египетчүүд гудамжинд гарч байна

Тунисийн хувьсгал Египетэд дамжин ирлээ. Гучин жил засаг барьж байгаа ерөнхийлөгч Хосни Мубаракийн эсрэг олон мянган хүний эсэргүүцэл тус улсыг нөмрөв. Египетийн эрх баригчдын мэдээлснээр эсэргүүцлийн ажиллагааг Twitter ба Facebook сүлжээгээр зохион байгуулсан учраас эдгээр сайтыг хаагаад байна. Үймээний үеэр дөрвөн хүн үрэгдэж ная орчим хүн хэлмэгдээд байна.

Лхагва гаригийн шөнө Египетийн цагдаа нар Каирт болсон жагсаалыг нулимс асгаруулах усан буу, резинэн сумын тусламжтайгаар хөөн тараасан байна. “Хилэгнэлийн өдөр” гэж нэрлэгдсэн нийслэлийн төв талбайд болсон шөнийн цуглаанд 30 мянга орчим хүн оролцон ба тэд парламентын байранд нэвтрэхээр орой нь оролджээ. Өмнөх өдөр нь жагсаал тайван эхэлсэн ба өдрийн хоёрдугаар хагаст цагдаагийн ажилтнуудын эсрэг чулуу, шил шидлэх болов. Энэ үеэр нэг цагдаа алагдсан байлаа.

Тарахаас татгалзсан жагсагчид 1981 оноос хойш ерөнхийлөгч байгаа Хосни Мубаракийг огцруулах шаардлага тавьж эхэлсэн байна. Тэд гартаа “Хувьсгал!”, “Мубарак тонил!” гэсэн зурагт хуудас барьсан байв. Үүний зэрэгцээ олон жагсагчид ирэх намын сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа Атомын эрчим хүчний олон улсын агентлагийн захирал байсан, Египетийн сөрөг төлөөлөгч Мухаммед аль-Барадеиг дэмжиж харагдав.

Мубаракийн эсрэг эсэргүүцэл зөвхөн Каирт ч биш Египет даяар болж байна. Нийслэлээс 200 км-ийн зайтай Суэц хотноо болсон жагсагчид ба цагдаагийнхны мөргөлдөөний үеэр чулуунд оногдон шарх авсан гурван хүн нас баржээ. Нийт хэлмэгдэгсдийн тоо 80 орчим боллоо. Эхлээд жагсагчид цагдаа нарын эсрэг дайрах биш харин ч тэдэнд сарнай зүүн эсэргүүцлээ эхэлсэн юм.

Каир, Суэцаас гадна Исмаил, Танта, Эль-Мансур, Александри хотуудад эсэргүүцэл гарчээ. Александри хотынхон саяхан христийн сүмд хийсэн дэлбэрэлтээр 23 хүн амиа алдсаныг эрх баригчдад сануулж байна. Тэд хотод хадсан ерөнхийлөгчийн зургийг, эцгийгээ огцорсны залгамжлах хүн гэж яригддаг хүү Гамалийнх нь зургийн хамт уран буулгасан байлаа.

Тэдэнд Тунисийн “мэлрэг цэцгийн” хувьсгал үлгэр болж байгааг жагсагчид нуусангүй. Мэлрэгийн хувьсгал Тунист нэгдүгээр сарын 19-нд хийгдсэн юм. Шинэ Засгийн газар байгуулагдаж, ерөнхийлөгч Зин эль-Абидин Бен Али нь эх орноосоо зугтан гарсан. “Бен Алийн дараа хэн бэ?”, “Өнөөдөр Тунис, мар­гааш Египет!” гэж жагсагчид уриандаа бичээд Мубаракийг Бен Алигийн араас явахаас нааш гудамжнаас явахгүй гэж амлаж байгаа ажээ.

Энэ үеэр PC News хэвлэлд өгүүлэхдээ нийтийн сүлжээ Facebook ба Twitter микроблогоор дамжуулан эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан гэж бичсэн байв. Үйл явдал эхлэнгүүт Twitter хаагдсан гэж серверийн удирдлага хэлжээ. Эхний ээлжинд Египетийн гар утасны холбооны хэрэглэгчдийн үйлчилгээг хаасан байна. Гэхдээ утасгүй холбооны операторууд үүнийг үгүйсгэж буй.

Египетийн эсэргүүцэл дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байна. АНУ-ын засаг захиргаа Египетийн эрх баригчид сөрөг хүчний үйл ажиллагааг “тайвнаар хянаж”, талууд тайван байна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байв. “Бид Египетийн хэрэг явдлыг анхааралтайгаар ажиглаж байна. АНУ хүний үгээ чөлөөтэй илэрхийлэх суурь эрхийг дэмждэг” хэмээн Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Филип Кроулийн мэдэгдэлд өгүүлжээ. Мөн тэр баримтад “Египетэд болон дэлхий дахинд улс төр, нийгэм, эдийн засгийн боломж нь хүмүүсийн хүсэл сэтгэлд нийцсэн өөрчлөлтийг олж харах хүсэл АНУ-д байгааг” тэмдэглэжээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж