-МАН-ын зүгээс МАХН гэдэг нэрийг яагаад ч Улсын дээд шүүх танайд өгөх боломжгүй гээд яриад эхэллээ. Боломжтой, боломжгүй гэдгийг та яаж хүлээж авч байгаа вэ?
-Амьдралд боломжгүй зүйл гэж байдаггүй. Хайрцаглагдсан сэтгэлгээтэй хүн л боломжгүй гэсэн зүйл ярина. Боломж ямагт байдаг. Түүнийг аль өнцгөөс яаж харахад л асуудлын гол оршдог. Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6-г тасдаж авч тайлбарласнаар МАН олон хүнийг төөрөгдүүлээд байгаа юм. Хуульд аливаа намын нэрийг өмчлөх тухай ойлголт байдаггүй. МАН-ын дүрмийн өмч хөрөнгийн жагсаалт гэдэг дотор МАХН гэдэг нэрийг өмчилнө гэсэн зүйл байхгүй. Мөн дэлхийн ямар ч улс оронд ил, далд хоёр нэртэй нам байдаггүй. Нэг нэрээ хэрэглээд нөгөө нэрээ халааслаад явж байдаг нам гэж байдаггүй. Хуулийг агуулгаар нь хэрэглэвэл МАХН гэдэг нэрийг авахад саад байхгүй.
-МАХН өнөөдөр улс төрийн намуудын дунд том хэлэлцүүлэг өрнүүлж байна. Эндээс гарах гол дүгнэлт юу байх бол?
-Монголын улс төрд 2008 оноос хойш шинэ нөхцөл байдал үүссэн. Парламентад сөрөг хүчний хяналт байхгүй, олонх цөөнх болсон хоёр нам нийлээд Засгийн газар байгуулсан. УИХ Засгийн газарт хяналт тавих бололцоогүй болсон. Ийм үед парламентын гадна байгаа нам, иргэний хөдөлгөөнүүд шүүмжлэл өрнүүлэх зайлшгүй орон зай бий болоод багаүй хугацаа өнгөрлөө. Үүнийг нөхөхийн тулд олон арга хэмжээ болж байгаагийн нэг нь МАХН-ын явуулж буй энэ хэлэлцүүлэг юм. Үүгээр нийгэмд үүсч байгаа тулгамдсан асуудлуудаар ний нуугүй чөлөөтэй ярилцахаар хэлэлцүүлэг хийж байна. Монголын улс төрд үүссэн мухардмал байдлаас яаж гарах вэ. Яаж шийдэж болох вэ гэсэн арга замыг тодорхой ярилцана.