Мандела эмнэлэгт хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Мандела эмнэлэгт хэвтжээ

Лхагва гаригт Нелсон Мандела эмнэлэгт хэвтсэн байна. Харин өнөөдөр Өмнөд Африкийн эрх баригч намын зүгээс иргэдийг тайван байхыг уриалсан мэдэгдэл хийжээ. Африкийн үндэсний конгрессын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Мандела нь энгийн нэг үзлэгт орж байгаа гэжээ.

“Мандела одоо 92 настай. Тэр одоо залуу хүн биш гэдэг нь хэнд ч тодорхой. Өмнөд Африкийн иргэд бидний хайртай удирдагчийг эмнэлгийн үзлэгээ тайвнаар, чанартай хийх боломжийг олгоё. Эмнэлгийн халамж маш сайн байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна” гэж хэвлэлийн төлөөлөгч Жэксон Мтембу хэлэв.

Wikipedia – Нелсон Холилала Мандела нь 1918 оны 7-р сарын 18-нд төрсөн бөгөөд Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч. Тэрээр 1994–1999 онд Ерөнхийлөгчийн албыг хашсан. Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Мандела апартейдийн эсрэг идэвхтэй, Африкийн Үндэсний Конгрессийн зэвсэгт бүлэглэл Умхонто вэ Сизвегийн удирдагч байлаа. Өмнөд Африкийн шүүхээс түүнийг апартейдийн эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх ажиллагаа болон бусад гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Мандела шоронд 27 жил хоригдсоны нэлээд их хугацааг Роббен арал дээрхи шоронд өнгөрүүлсэн юм.

1990 оны 2-р сарын 11-нд шоронгоос суллагдсаныхаа дараа Мандела эвлэрэл, хэлэлцээг дэмжиж, Өмнөд Африкийн олон арьстны ардчилал руу шилжих шилжилтийг удирдахад хувь нэмрээ оруулжээ. Апартейд дэглэмийг устгаснаас хойш олон хүн, түүний дотор хуучин өрсөлдөгчид нь Манделаг байнга магтсаар ирсэн. Мандела 40 гаруй жилийн дотор 100 гаруй шагнал авснаас хамгийн нэр хүндтэй нь 1993 оны Нобелийн энхтайвны шагнал байлаа. Тэрээр одоо тулгамдсан асуудлаар үзэл бодлоо илэрхийлдэг ахмад төрийн зүтгэлтэй болжээ.
Өмнөд Африкт түүнийг Манделагийн овгийнхны өгсөн хүндэт хэргэм Мадиба-гаар нь мэддэг. Энэ хэргэм нь Нелсон Мандела гэдэгтэй нэгэн ижил утгыг илтгэдэг болсон ажээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж