Ерөнхийлөгч FIFA-гийн ерөнхийлөгчтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч FIFA-гийн ерөнхийлөгчтэй уулзлаа

Зепп Блаттер: Алс ирээдүйг харсан сайн сайхан хүсэл мөрөөдөл заавал биелэх болно

Швейцарийн Холбооны Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Зепп Блаттертэй
энэ сарын 26-нд Цюрих хотноо уулзлаа. Ноён Зепп Блаттер Монгол Улсын
Ерөнхийлөгчийг  Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо FIFA-ны төв байранд
хүлээн авч уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, FIFA-гийн хаалга
хүн төрөлхтний өмнө үргэлж нээлттэй байж, ирсэн хүн бүрийг гэр бүлийн
гишүүн мэт халуун дотно хүлээн авдаг гэлээ. Тэрээр “Монголд хөлбөмбөг
тоглох хэцүү гэдгийг би сайн мэддэг.  Жилийн талаас илүү хувь нь хүйтэн
сэрүүн байдаг. Гэсэн ч сүүлийн үед монголын хүүхэд залуусын дунд
хөлбөмбөг тоглох  сонирхол эрс нэмэгдэж байгаад баяртай байна” гээд
Азийн Хөлбөмбөгийн Зөвлөлд монгол хүн сонгогдсоныг дурдлаа.  Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж  “Хүн төрөлхтөнд нэгэн зэрэг баяр бахархал төрүүлж,
үндэсний үзэл санааг нэгтгэж байдаг гайхамшигтай спорт бол хөлбөмбөг юм.
Хөлбөмбөгийн давалгаа улам бүр олон хүнийг, улс орныг өөртөө татах
болж, дэлхий даяар хөлбөмбөг заавал үзэх, хичээллэх дуртай спортын нэг
болж дэлгэрэх боллоо. Энэ давалгаа манай улсыг ч мөн дайрч байна.
Сүүлийн жилүүдэд манай улсын төр засгийн зүгээс спортыг дэмжих тодорхой
бодлого хэрэгжүүлж ажилласны дүнд олон сайн үр дүн гарч байна. Эдийн
засгийн хувьд ч тамирчдаа дэмжиж, спортыг хөгжүүлэх боломжтой болж
байгаа бөгөөд цаашдаа ч бид спортод ямагт “Тийм” гэж хэлэх болно.

Өнгөрсөн жилээс эхлэн манай улсад Ерөнхийлөгчийн ивээл дор заалны
хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дунд сургуулиудын дунд зохиогдож
байна. Хот хөдөөгийн сургуулийн хүүхдүүд  энэ тэмцээнд оролцож, хэдэн
сарын турш өрсөлдөж, аваргаа тодруулж байгааг харахад сайхан байдаг.
Өнөөдрийн зааланд тоглож байгаа 10 настай хүүхдүүд маргаашийн шилдэг
сайн хөлбөмбөгчид болохыг үгүйсгэхгүй.  Катар улсад  хөлбөмбөгийн
дэлхийн аварга шалгаруулах  ээлжит тэмцээн болох гэж байна. Магадгүй 20
жилийн өмнө хэн ч Катарт дэлхийн аварга тэмцээн болно гэж төсөөлж
байгаагүй байх.  Энэ том тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх олж
авахын төлөө мөрөөдөж, зорьж, зорьсноо ажил хэрэг болгохын төлөө тууштай
явсанд нь бид катарчуудад баяр хүргэх ёстой.  Катар улсад ийнхүү
дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох болсон нь  бүс
нутагтаа, арабын орнуудад хөлбөмбөг хөгжих сайхан боломжийг бүрдүүлж
байна гэж бодож байна.

Монголчууд бидэнд ч мөн хүсэл эрмэлзэл бий. Бид хэзээ нэгэн цагт
хөлбөмбөгийн томоохон тэмцээн уралдааныг, хөлбөмбөгийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэж ярив.
Ерөнхийлөгч Зепп Блаттер Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өөрийн орондоо
хөлбөмбөгийг хөгжүүлэхийн төлөө анхаарал тавьж буйд талархалж байгаагаа
илэрхийлээд,   “Та бид хоёрт адил төстэй зүйл олон байна. Та гуравдугаар
сард , би бас гуравдугаар сард төрсөн. Жилийн бүх ордуудаас хамгийн
хүчирхэг үе нь энэ сард тохиож байдаг. Мөн Та сэтгүүлч мэргэжилтэй, би
бас спортын сэтгүүлч мэргэжилтэй. Бас Та бид хоёр хоёулаа хөлбөмбөгт
дуртай” гэлээ.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн  хэзээ нэгэн цагт эх оронд нь 
хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно гэдэгт итгэлтэй
байгааг нь сайшаагаад “ Та өөрийнхөө үеийн төлөө биш, өөрийнхөө
дараагийн үеийн төлөө ч биш, өөрийнхөө дараагийн дараагийн үеийн төлөө
ийм алсыг харсан том хүсэл эрмэлзэлтэй байгаа нь гайхалтай сайхан
санагдаж байна. Хэзээ нэгэн цагт танай оронд ч бас дэлхийн хөлбөмбөгийн
аварга шалгаруулах тэмцээн зохиогдоно гэдэгт би ч мөн итгэлтэй байна” 
хэмээн ярьсан юм. Уулзалтын дараа хоёр Ерөнхийлөгч 2027, 2031, 2035 оны
Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн,  2042, 2046, 2050 оны
дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авахын төлөө
Монгол Улс өрсөлдөж, эрх авахын төлөө байгааг  энэ уулзалтын үеэр
ярьсныг нотлох дурсамж бичигт гарын үсэг зурцгаалаа.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж