Жүдочид “Их дуулга”-д зодоглоно

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Жүдочид “Их дуулга”-д зодоглоно

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2011 оны анхны “Их дуулга”-ын тэмцээн ирэх сарын 5, 6-нд Францын нийслэл Парис хотноо болох гэж байна. Олимпийн наадамд оролцох эрхийн оноо олгох тус тэмцээнд манай жүдочид өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ базааж байна. Парисын “Их дуулга”-д Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох болон дасгалжуулагч Х.Болдбаатар нарын удирдлага дор эрэгтэй найм, эмэгтэй таван жүдоч оролцохоор болжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдээс 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-д С.Мияарагчаа, Х.Цагаанбаатар, 73 кг-д С.Ням-Очир, 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Э.Энхбат, -100 кг-ын жинд Б.Тэмүүлэн, Н.Түвшинбаяр нар зодоглох бол эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, 57 кг-д Т.Баттөгс, 63 кг-д Ц.Мөнхзаяа, -78 кг-д П.Лхамдэгд нар хүч үзэх юм.

Нийт 154 мянган ам.долларын шагналын сантай Парисын “Их дуулга”-ын тэмцээний хуваарь ёсоор эхний өдөр буюу 5-нд эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд сүүлийн өдөр бусад жингийн ангилалд медалийн эзэд тодорно.

Тэмцээнд оролцох Монголын жүдочдын түрүүч энэ сарын 30-нд, харин үлдсэн тамирчид ирэх сарын 3-нд хилийн дээс алхах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж