54 мянган алба хаагч хөрөнгө орлогоо мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

54 мянган алба хаагч хөрөнгө орлогоо мэдүүлнэ

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ энэ сарын 1-нээс өгч эхэлсэн.  Авлигын эсрэг хуульд зааснаар мэдүүлэг гаргагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор урьд оны хөрөнгө, орлогын байдлаа мэдүүлэх ёстой. Хөрөнгө орлогын мэдүүлгийг тойрсон асуудлаар АТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Эрдэнэцэцэгээс тодрууллаа.

-Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөх анкет  өөрчлөгдөнө гэх мэдээлэл байна. Энэ удаа шинэ анкет  бөглөж байгаа юу?

-Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хуучин анкетыг бөглөнө. Анкет өөрчлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэдэг. Одоохондоо  өөрчилсөн зүйл байхгүй. Цаашид анкетийг боловсронгуй болгох шаардлагтай гэж үзвэл өөрчлөх байх.

-Нийт хэдэн алба хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх вэ?

-Энэ жил хэдэн хүн хөрөнгө орлогоо мэдүүлэх талаар нарийвчилсан тоо гараагүй  байна. Бид төрийн байгууллагаас нэрсийн жагсаалт авч дууссаны дараа тодорхой болно. Дунджаар 25 мянга орчим төрийн алба хаагч хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг.

-Нэгдсэн дүн хэзээ гарах вэ. Хугацаа хоцорсон бол ямар арга хэмжээ авах уу?

-Нэгдсэн дүнг гуравдугаар сарын 1-нд гаргана. Үүний дараа хугацаа хоцорсон болон хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан хүмүүст хариуцлага тооцох тухай яригдана. Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д ”… хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан эсвэл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болно гэж заасан байдаг.  Үүний дагуу хариуцлага тооцно.

-Өнгөрсөн жил хэдэн хүн  хөрөнгө орлогоо  нуун дарагдуулсан  болох нь илэрсэн бэ?

-2010 онд 54 мянга орчим төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн. АТГ-аас хөрөнгөө нуун дарагдуулсан 80 гаруй алба хаагчид хариуцлага тооцох шаардлагыг тухайн байгууллагад өгсөн байдаг. Шаардлагыг тухайн байгууллага хэлэлцээд 58 албан тушаалтанд зохих хариуцлага тооцож, таван хүнийг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авсан байна.

-Хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан эсэхийг нь ямар байдлаар шалгаж тогтоодог юм бэ?
 

-Иргэдийн гомдол мэдээлэл, болон АТГ-аас томиологдсон байцаагчид тухайн байгууллагад ажиллаж, хяналт тавин илрүүлдэг.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж