
Хотын удирдлага өнөөдрийн хуралдаанаар үртсэн шахмал түлшийг үнэгүй тараахаа зогсоохыг холбогдох албаныханд даалгалаа. Иргэд нэгэнт үртсэн шахмал түлшийг хэрэглээд хэвшчихсэн энэ үед хэрэглэгчдэд таниулах, сурталчлах нэрийдлээр үнэгүй тараах ажлыг зогсоох нь зүйтэй гэж хотын удирдлага үзсэн байна. Харин түүхий нүүрс түлэхийг хориглосон хороод дахь шахмал түлш нийлүүлэх цэгүүдийн хангалтыг сайжруулахыг үүрэг болгожээ. Энэ жил анх удаагаа нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хороонд түүхий нүүрс түлэхийг хориглож, утаа бага гаргадаг, үртсэн болон шахмал түлш нийлүүлж байгаа. Хотын удирдлагууд энэ ажлын явцтай газар дээр нь танилцахад борлуулалтын цэгүүдэд түлш нийлүүлэлт, татан авалт хангалтгүй байгаа учир ийм шийдвэр гаргажээ. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр өнгөрсөн онд Булган аймгийн Хялганат тосгонд ашиглалтад орсон “Үртсэн шахмал түлшний үйлдвэр” хоногт 9-12 тонн шахмал түлш үйлдвэрлэж, 10 болон 25 кг-аар савлан хэрэглэгчдэд нийлүүлж байна.
Б. Болорсүх