Нүүрсний салбарт хамтрах санамж бичиг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Нүүрсний салбарт хамтрах санамж бичиг байгууллаа

Нүүрсний салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Манай нүүрсний компаниудын төлөөлөл 2011 оны нэгдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин хотноо “Монгол, Тяньжиний нүүрсний салбарын хамтын ажиллагааны анхдугаар зөвлөлдөх уулзалт”-д оролцоод иржээ. Уг уулзалтыг “Монгол, Тяньжиний эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны ажлын хэсэг”-ийн үйл ажиллагааны хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Монгол Нүүрс ассоциаци, Тяньжиний нүүрсний нийгэмлэг, Тяньжин хот дахь Улаанбаатарын төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулсан юм. Уулзалтанд ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв, АМГ-ын Нүүрс судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуяг, Монгол Нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Т.Наран, тус ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батмөнх, тэрчлэн Энержи ресурс ХК, Тавантолгой ХК, Эрдэнэс МГЛ ХХК, МАК ХХК, Шарын гол ХК, Хүннү ресурс ХК, Талын гал ХХК, Илчит метал ХХК, Ган илч ХХК, Сожицу зэрэг компаниуд, БНХАУ-ын талаас Тяньжин хотын Хөгжил шинэчлэлийн хороо, Тяньжин боомтын захиргаа, Тяньжин хотын Нүүрсний нийгэмлэг, Нянзан боомтын уул уурхайн бирж, Нянзан тээвэр ложистикийн төв, зарим банкны төлөөлөл оролцон илтгэл тавьж, санал бодлоо харилцан солилцлоо.

Энэхүү анхдугаар уулзалтын гол зорилго нь Ази тивд төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог Тяньжин боомтоор дамжин Хятадын өмнөд мужийн хэрэглэгчид болон олон улсын зах зээлд Монголын нүүрсийг шууд борлуулах нөхцөл боломжийг газар дээр нь очиж судлах, Хятадын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах талаар харилцан санал солилцох явдал байсан юм. Мөн энэ үеэр Тяньжин далайн боомт дахь Нянзян уул уурхайн бирж, ложистикийн төв, Дунзян чөлөөт худалдааны бүс, Бинхай шинэ дүүргийн ирээдүйн төлөвлөлтийн үзэсгэлэнтэй танилцлаа.

БНХАУ-ын өмнөд мужийн хэрэглэгчдэд нүүрсээ борлуулж, улмаар гуравдагч орны зах зээлд гаргахад хамтран ажиллах манайхны саналыг Тяньжиний холбогдох байгууллага, хүмүүс маш их дэмжин хүлээж авсан бөгөөд үүний баталгаа болгож Монгол Нүүрс ассоциаци, Тяньжиний  Нүүрсний нийгэмлэг хооронд хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа. “Санамж бичиг”-т манай нүүрсийг Тяньжиний боомтод хүргэх тээвэрлэлтийн асуудлыг шийдэх, Монгол ба Хятадын компаниуд хоорондын нүүрсний худалдааны төлбөрийн хэлбэрийг боловсронгуй болгох, нүүрсний үнийг олон улсын зах зээлийн жишигт хүргэн тогтоох, нүүрсний худалдаа хийж буй хоёр талын аж ахуйн нэгжүүдэд төрөл бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хоёр улсын нүүрсний холбоод болон тэдний гишүүд хоорондын урт хугацааны хамтын ажиллагааг тал бүрээр өргөжүүлэн бэхжүүлэх зэрэг чухал асуудлуудыг харилцан тохирч тусгасан байна.

Энэхүү уулзалтаар хэлэлцэж тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэх арга механизмын талаар 2011 оны 3 дугаар сард Тяньжин хотноо болох “Монгол, Тяньжиний эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар нарийвчлан ярьж баталгаажуулах юм. Ингэснээр дээрх асуудлууд зөвхөн салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн хүрээгээр хязгаарлагдахгүй, улмаар хоёр улсын Засгийн газар, холбогдох төрийн байгууллагуудын хэмжээнд хэлэлцэгдэж, бодит үйл ажиллагаа болон хэрэгжих болно. Эх орныхоо газрын баялгийг хямд үнээр хилийн худалдаа байдлаар борлуулдаг байдлыг халж, олон улсын зах зээл дээр дэлхийн жишиг үнээр арилждаг болоход ойртуулсан чухал алхам хийлээ хэмээн уулзалтанд оролцогсод олзуурхан дүгнэж байгаа билээ.

Тяньжин боомт нь өнөөдөр зөвхөн өөрийн орны хэмжээнд төдийгүй Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнуудыг хамарсан бүс нутгийн нүүрсний эрэлт нийлүүлэлт, түүхий болон боловсруулсан нүүрс, коксын үнэ ханшийг тодорхойлж эхэлж байна. Өнгөрсөн онд тус боомтоор Өвөр Монголоос 30.0 сая тонн нүүрс борлуулагдсанаас 30% нь авто тээврээр, 70% нь төмөр замаар тээвэрлэгдэн очсон нь Монголчууд бидэнд ч ихээхэн боломж байгааг харуулж буй хэрэг. БНХАУ-ын Засгийн газраас Тяньжин боомтыг ойрын таван жилд Шанхай боомтын дараа орохуйц олон улсын жишиг бүхий дэлхийн томоохон боомт болгохыг зорьж асар их хөрөнгө оруулалт хийн, их бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.

Ж.Эрхэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж