Кличкогийн ах дүүс Адамектай тулалдана

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Кличкогийн ах дүүс Адамектай тулалдана

Украйны шилдэг тулаанчид болох Виталий болон Владимир Кличко нарын нэг нь энэ оны есдүгээр сард хүнд жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалахаар Польшийн боксчин Томаш Адамектай тулалдахаар тохиролцсон тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Одоогоор чухам хэн нь Адамектай тулалдах эсэх нь тодорхойгүй байгаа ба ойрын хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэх гэнэ. Адамек өдгөө 34 настай, хөнгөн, дунд жинд дэлхийн аваргын бүс эзэмшиж байсан дэлхийн шилдэг тулаанчдын нэг бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 44 тулаан хийхдээ ердөө ганц удаа л ялагдсан юм. Харин тэрхүү ялагдал нь 2007 онд тохиож, тэрбээр Америкийн боксчин Чад Даусонд дийлдэж байжээ. Хүнд жингийн ангилалд хүч сорих болсноос хойш Адамек таван тулаан хийж, бүгдэд нь өрсөлдөгчөө буулган авсан бөгөөд ингэхдээ алдарт Крис Арреолаг оноогоор ялж байлаа.

Кличкогийн ах дүүс болоод Адамекийн тулаан Польшид болох магадлал өндөртэй. Учир нь 2012 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулах тус улсад шинэ цэнгэлдэхүүд баригдаж байгаа бөгөөд тэдгээрийн нэгэнд энэ тулаан болох боломжтой аж. Гэхдээ энэ тулааны өмнө Кличкогийн ах дүүс ч тэр, Адамек ч тэр дор бүрнээ тулаан хийнэ. Виталий Кличко гуравдугаар сарын 19-нд Германы Кёльн хотноо Кубын Одланьер Солистой тулалдах бол түүний дүү Владимир Кличко Германы Маннхаймд Британийн тулаанч Дерек Чизоратай нударга зөрүүлэх учиртай. Харин Адамек  дөрөвдүгээр сард тулаан хийх хуваарьтай байгаа ажээ.

Гэрээний дагуу хэрэв хоёр Кличко хоёул ялагдвал Адамектай байгуулсан гэрээ дуусгавар болно. Харин эхлээд тулалдсан нь ялагдвал Адамек нөгөө Кличкотой тулалдах гэрээтэй аж. Хэрэв ах, дүү Кличко хоёул ялбал Адамекийн дараагийн өрсөлдөгчийг Кличкогийн зүгээс сонгож өгөх гэнэ. Адамек өөрөө ах, дүү Кличкогийн алинтай нь ч тулалдсан ялгаагүй хэмээжээ. Мөн тэрбээр “Яг одоо бол боксын ертөнцөд тэр хоёр үнэхээр том одод. Тиймээс ч би том одтой тулалдахыг хүсч байна. Би өрсөлдөөнд дуртай” гэсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж