Оросын ерөнхийлөгч Давосын уулзалтыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Оросын ерөнхийлөгч Давосын уулзалтыг нээлээ

Москвад алан хядагчид бөмбөг дэлбэлж олон хүний амь нас хохироосон хэрэг явдал гарснаас хойш хоёр хоногийн дараа буюу өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Димитрий Медведев Давост болж байгаа дэлхийн эдийн засгийн Форумыг нээж үг хэллээ. Тэрээр хэлэхдээ Москвад алан хядагчдын үйлдсэн аллагын дараа ийнхүү тус чуулганд ирж байгаа нь Давосын уулзалтад хэр их ач холбогдол өгч байгаагаа харуулахыг хүссэнээс үүдэлтэй гэжээ. Медведев алан хядагчид хийсэн үйлдлийнхээ дараа түүний Давост очих төлөвлөгөө нь тасалдана гэж тооцоолсон нь “буруу тооцоо болж байгаа юм” гэжээ. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Орос улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах сонирхол нь хэвээр байгаа гэдгийг нотлоод өөрийн оронд Европын холбооны хэмжээнд нийцэхүйц зах зээлийг бий болгохын төлөө ажиллаж байна гэж мэдэгдэв. Медведев дэлхийн эдийн засаг худалдааны элит хүрээллийнхэнд хандаж Орост явагдаж байгаа их хувьчлалын үйл ажиллагааг сурталчлах сайхан боломж болж байна гэж онцолсон байна. Энэ нь Оросын нэр хүнд бүхий зарим улсын томоохон корпорациудыг хувьчлахаар шийдсэнтэй холбоотой сөхөгдөж байгаа асуудал бололтой.

Мөн Давосын чуулганы үеэр оросын төлөөлөгчдийн зүгээс онцолж анхаарсан нэг асуудал бол Орос болоод Азийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал болж байв. Тухайлбал Оросын хамгийн нөлөө бүхий боомт хот болох Владивосток гэхэд Москвагаас 9000 км хол атал Бээжингээс ердөө л 1300 км зайтай байгаа нь Азийн төдийгүй дэлхийн хамгийн том зах зээлд Европоос илүү ойрхон байна гэсэн үг болж байна. Иймд байгаа нөхцөл бололцоогоо ашиглан Орос улс Хятадын зах зээлд шаардлагатай бүх зүйлийг экспортлох сонирхолтой байгаа гэж Оросын төлөөлөгчид энэ уулзалтын үеэр мэдэгдсэн ажээ. Гэхдээ зөвхөн Хятад гэлтгүй бусад Азкийн орнуудтай ч эдийн засгийн эрчимтэй хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж яригдсан байна.Тэр дундаа Хятадын үсрэнгүй хөгжилтэй эдийн засагт шаардагдаж байгаа эрдэс баялгийн нийлүүлэлтэд оролцоогоо нэмэгдүүлэх болно гэж Оросын төлөөлөлөгчид Давосын уулзалтын үеэр болсон уулзалт хэлэлцээнүүдийн үеэр дурдаж байжээ.
 

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж