“Үл таних эмэгтэй” бүсгүйчүүдийн нууцыг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

“Үл таних эмэгтэй” бүсгүйчүүдийн нууцыг дэлгэнэ

“Драмын дөрөв” гэдэг нэрээрээ олны танил болсон жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар нар кино хийжээ. Тус киноны найруулагчаар ажилласан Н.Наранбаатартай уулзлаа.

-“Танихгүй эмэгтэй захидал” хэмээх сонгодог зохиолоор хийсэн киноныхоо талаар сонирхуулахгүй юу?

-Энэ зун Австрийн алдарт зохиолч Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэй захидал” сонгодог өгүүллэгээр уран сайхны кино хийсэн. Кино маань бэлэн болсон, тун удахгүй үзэгчдэд хүрнэ.

-Киноныхоо нээлтийг хэзээ хийх вэ?

-Гэгээн хайрын баяраар нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа. Гэхдээ залуучууддаа хүргэхдээ киногоо “Үл таних эмэгтэй” гэж нэрлэсэн. Манай кино хоёр гоё дуутай болсон. Киногоо бүх насныханд зориулж байгаа учраас нэг дуу нь рок поп урсгалаар, нөгөөг нь зохиолын дуугаар хүргэж байгаа.  “Чамайг хайрлана” дууг УГЖ, дуучин Т.Ариунаа дуулсан бол зохиолын дууг Л.Чулуунбаатар дуулсан. Хоёулаа гайхалтай сайхан дуу болсон. Дуу, клип тун удахгүй үзэгчдэд хүрнэ. Кино гэгээн хайрын баяраар нээлтээ хийж, кинотеатруудаар гарч эхэлнэ. Хэрвээ эмэгтэй хүн гэдэг агуу ертөнцийг таньж мэдэхийг хүсвэл энэ киног заавал үзээрэй гэж хэлмээр байна.

-Яагаад заавал зохиолыг барьж кино хийх болов оо?

-Бидэнд энэ зохиолыг барих олон шалтгаан байсан. Бид нар хөнгөн кино хийвэл болох байсан ч академик театрын уран бүтээлчид. Нөгөө талаар сүүлийн үед охид бүсгүйчүүдэд хандаж байгаа нийгмийн байр суурь их хүнд болчихоод байна шүү дээ. Тэднийг ойлгох чадвар их дутмаг байна. Эмэгтэй хүн л юм чинь ирээдүйд эх хүн болно. Эх хүн гэдэг бол нийгмийн эх булаг. Тиймээс эмэгтэй хүнийг бид бүхэн хайрлах ёстой гэдэг утгаар нь эмэгтэй хүнийг өмөөрсөн кино хийвэл яасан юм бэ гээд энэ зохиолыг сонгон барьж авсан. Ер нь бол бид бүгд ээжтэй, хайртай бүсгүй, эхнэртэй, охинтой учраас эмэгтэй хүнийг яагаад өмөөрч, дотоод сэтгэлийнх нь агуу их ертөнц, чадал, тэвчээр, ухааныг нь яагаад гаргаж болдоггүй юм бэ гээд энэ киног хийсэн.

-“Драмын дөрөв”-ийн анхны дэлгэцийн уран бүтээл учраас үзэгчид мэргэжлийн гэдэг үүднээс илүүтэй харж, хүлээж байгаа болов уу?

-Бид дөрөв хамтраад анх удаа кино хийж байна. Анхны уран бүтээлээ  мэргэжлийн түвшинд хийхийг хичээсэн. Зарим нэг киног харж байхад жүжигчний тоглолт, найруулагчийн жүжигчинтэйгээ ажиллаж байгаа ажиллагаа нь ерөөсөө байдаггүй. Дүр гэдэг маань нэг биет хүн. Хүсэл мөрөөдөл, зорьж буй биелэлтэй байдаг. Миний хувьд жүжигчдээс  ганц л зүйлийг хүсдэг. Аливаа уран бүтээлд, жүжиг, кино эхлэхэд хэн байв, кино дуусахад хэн болж хувирав гэдэг дүрийн хувиралт маш их хэрэгтэй. Найруулагч нар жүжигчинтэйгээ ажиллахгүй, тухайн дүрийн шугам, нэвтрэн гарч зорилгодоо хүрсэн үү, эс хүрсэн үү, тэрийг яаж даван туулж байгаагаар тэдний арга барил тодорхойлогддог. Бид үүн дээр дотоод сэтгэлийн факт, илрэл, нууж тоглох гээд жүжигчний мэргэжлийн нарийн чанд элментүүдийг илүүтэй оруулж өгсөн.

-Сүүлийн үеийн киног үзэгчид их шүүмжлэх болж. Та нарын кино шүүмжлэлд өртөхгүй байж чадах уу?

-Би сүүлийн үед өөрийнхөө киног хаа гишгэх бол гээд ганц нэг кино үзээд байгаа. Ер нь бол аливаа уран бүтээлийг юм дуугарах л гэж хийдэг. Би тэгж л ойлгодог. Хүнд нэг юмыг хашгирах, хэлэх л гэж бүтээл хийнэ. Зарим нэг киног үзээд би тэндээс юу хэлэх гээд, яах гээд байгааг ойлгоогүй.  Аливаа уран бүтээлийг үзсэний дараа тархи, зүрхэнд нь заавал нэг юм хатгасан байх ёстой.

-Та өөрөө кинондоо тоглосон уу?

-Үгүй ээ. Найруулагчаар нь ажилласан. Манай киноны гол дүрд  жүжигчин С.Болд-Эрдэнэ, Н.Долгор гэж охин тоглосон. Жүжигчдийн тоглолтыг сайн болсон гэж би хувьдаа бодож байгаа. Ямар кино болсныг үзэгч түмэн шүүх байх аа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж