Онц их хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Онц их хурал үргэлжилж байна

МАХН-ын түр штабаас зохион байгуулж буй МАХН-ын Онц их хурал “АСА” циркэд үргэлжилж байна. Энгэртээ улаан сарнай зүүсэн төлөөлөгчид циркийн суудлын тал орчмыг дүүргэж, улаан зангиатай залуус дотогш нэвтрэгсдийг шалгаж байв. 

Өглөө 10 цаг өнгөрөөж эхэлсэн тус хуралд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс 1080 төлөөлөгч сонгогдсоноос 829 хүн хүрэлцэн ирснээр 81 хувийн ирц бүрдүүлжээ. Баян-Өлгийн онгоц хойшилсон, хөдөө орон нутгаас зарим нь замдаа яваа зэрэг шалтгаанаар үлдсэн төлөөлөгчид хараахан ирж амжаагүй байна. Онц их хуралд бусад намын төлөөлөл ирж оролцсонгүй. Харин МОХ-ны хүн гэх Батсайхан “Н.Энхбаяр дарга та МАН-ын Бага хурлын гишүүн байж энд юугаа хийж яваа юм” гэсэн утгатай зүйл хэлээд төлөөлөгчдөд хөөгдөх шахам гарлаа.

Төлөөлөгчдийн дунд ардчилагчид явсан Ч.Энхээ, Д.Нинж, Л.Цог, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний Б.Болд нарын олны танил хүмүүс харагдав.
Онц их хурлын эхэнд УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, МАХН-ын түр штабын зохицуулагч Н.Удвал нар “Шинэ төр”, “Шинэ нам”, “Шинэ хүн” сэдвээр илтгэл тавилаа. Эрх мэдэлтнүүд, олигархийн гарт орсон төрийг шинэчлэх, эрх мэдлийг хэт төвлөрүүлэгсдийн гарт орсон бус, олон нийтийн өмнө, гишүүддээ нээлттэй шинэ намыг төлөвшүүлэх, ардчилалгүйдлийн төр, засгийг шинэчлэх, монгол хүний үнэлэмжийг шинэчлэн сайжруулах талаар тэд илтгэлдээ дурдлаа. Төлөөлөгчид одоо үг хэлцгээж байна. Тэд өнөөгийн төр, засаг ажлаа сайн хийхгүй байна гэсэн сэдвийг голлон ярьцгааж байна. Н.Энхбаяр даргын хэлсэн “ардчилалгүйдэл” гэсэн нэр томъёо төлөөлөгчдийн үгэнд “моод” болжээ.

                                                     Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж