Өвөрхангай аймгийн аваргууд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймгийн аваргууд шалгарлаа

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн гишүүүдийн хамтарсан хуралдаан 1 сарын 20-ны өдөр хуралдаж, “Тийн урвагч” хэмээх төмөр барс жилд ажлын амжилт гаргасан тэргүүний сум, баг, байгууллага, малчид, тариаланчид, ажилчдыг хэлэлцэн шалгарууллаа.

Тэргүүний сум, баг
Сумдын Засаг дарга, ЗДТГ-ын 2010 оны үйл ажиллагаанд аймгаас томилогдсон ажлын хэсгүүд аймгийн Засаг даргын 390 дүгээр захирамжаар батлагдсан журмын дагуу хяналт шалгалт хийсэн бөгөөд ажлын үр дүнг Тэргүүлэгчид, Зөвлөлийн гишүүдэд танилцуулан тэргүүний сум, баг тодруулах санал орууллаа. Сумдын үйл ажиллагааг 5 багцийн 15 үзүүлэлтээр нэгдсэн аргачлалаар үнэлж дүгнэсэн ба Бат-Өлзий сум 91.4 оноогоор тэргүүн байр, Хархорин сум 90.2 оноогоор дэд байр, Уянга сум 89.9 оноогоор гутгаар байр, Зүүнбаян-Улаан сум 89.6 оноогоор дөтгөөр байр, Хужирт сум 88.7 оноогоор тусгай байрт шалгарсныг хэвээр батлан тогтоов. Харин багийн үйл ажиллагааг сумдын удирдлагууд өөрсдөө дүгнэн, сумын хэмжээнд шалгарсан нэг багийн тодорхойлолтыг ирүүлсэн байснаас Тэргүүлэгчид, Зөвлөлийн гишүүд хэлэлцэн Зүүнбаян-Улаан сумын Дэвшилийн 6 дугаар багийг тэргүүн байр, Богд сумын Хөөвөрийн 2 дугаар багийг дэд байрт шалгарууллаа.

Тэргүүний сумдыг 500.000-1 сая хүртэлх, тэргүүний багийг 300.000-500.000 хүртэлх төгрөгөөр шагнан урамшуулах юм.

Дашрамд дурьдахад хангалтгүй ажилласан сумдын удирдлагуудтай ямар хариуцлага тооцохыг тэргүүлэгчид асуусан бөгөөд “сумдын удирдлагатай хариуцлага тооцох механизм байхгүй. Харин шалган, туслах грүпп ажиллуулж, арга зүйн зөвлөгөө өгнө гэж аймгийн ЗДТГ-ын дарга Т.Баяртогтох хариуллаа. Хэдийгээр Богд, Бүрд сумд нь сүүлийн баяр эзлэсэн ч “B” үнэлгээтэй дүгнэгдсэн аж. Мөн Богд сумын Хөөвөр баг нь үүсч байгуулагдсаныхаа 50 жилийн ойн хүрээнд бүтээлч ажил, орчны тохижолтыг маш сайн хийж, хэрэгжүүлсэн /бараг жишиг багаас илүү/ болохыг ажлын хэсгийнхэн онцлон дүгнэж  байсан.

Тэргүүний ажилчид
Барс жилийн тэргүүний байгууллага шалгарсангүй. Учир нь аймгийн ИТХуралд Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг, “Баянтээг” ХК гэсэн хоёр байгууллагын тодорхойлолт ирсэн ч үйл ажиллагааг нь дүгнэж үзэхэд уралдааны болзлыг хангаагүй ажээ.

Харин салбарынхаа төлөвлөгөөт зорилтуудыг цаг хугацаа, тоо, чанарын хувьд бүрэн хэрэгжүүлсэн, “Бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн болон үр дүнгийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ А, В үнэлгээтэй биелүүлсэн, үйлдвэрлэл, үйлчилгээний хувьд стандартын зөрчил гаргаагүй дараах төрийн алба хаагчдыг  аймгийн Засаг даргын захирамжаар “Аймгийн Тэргүүний ажилтан” болгосон юм.

– Н.Баярсайхан: Аймгийн БОЭТөвийн мэс заслын тасгийн их эмч
– Д.Бадам: Хайрхандулаан сумын Хүн эмнэлгийн сувилагч
– Э.Энхбаяр: Өлзийт сумын ЗДТГ-ын Төрийн сангийн төлөөлөгч
– Ж.Оюун: Аймгийн Засаг даргын дэргэдэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч
– А.Оюунцэцэг:Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн бага ангийн багш
– А.Ганболд: Аймгийн БОЭТөвийн жолооч
– Ж.Батжаргал: “Баянтээг” ХК-ийн эксковаторийн туслах машинч

Улсын Сайн малчин
Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Батнасангийн Лхасүрэн, тус сумын 3 дугаар багийн малчин Сэрээнэндоржийн Сандагдорж, Хайрхандулаан сумын 5 дугаар багийн малчин Дуламдоржийн Тогмид нар “Улсын сайн малчин”-ы болзлыг хангалаа.

С.Сандагдорж нь 2005 онд “Сумын сайн малчин”, 2007 онд “Аймгийн сайн малчин”, 2008 онд ХХАА-ын тэргүүний ажилтан”, 2009 онд “Алтан унага”-ны эзэн болж байсан бөгөөд энэ жил 2853 мал тоолуулж, төлөө 110.5%-иар бойжуулсан, малжуулахад 840 мал өгсөн байна.

Д.Тогмид нь 2006 онд МУЗН-ийн манлай малчин, 2003-2004 онд “Сумын сайн малчин”, 2005 онд “Аймгийн сайн малчин” болж байсан ба малын өсөлт толгойн тоогоор 2482 хүрч, төлөө 100% бойжуулсан байна. 1278 мал малжуулалтанд өгчээ.

Б.Лхасүрэн нь 1997 онд “Сумын сайн малчин”, 2000 онд “Аймгийн сайн малчин”, 2008 онд “Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнуулж байсан ба төмөр барс жилд малын өсөлт толгойн тоогоор 2509 хүрчээ. Мөн малжуулахад 1910 толгой мал өгч, төлөө 100% бойжуулсан байна.

Аймгийн Сайн малчин
Барс жилд аймгийн сайн малчин 17 төрлөө. Малчдын тодорхойлолт ирүүлсэн 14 сум байх ч цаг агаарын хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч буй малчдаа урамшуулан дэмжих үүднээс журам зөрчсөн шалгаруулалт хийлээ. Сайн малчдын шалгаруулах үзүүлэлтэнд малын өсөлт, хээлтэгч малын хувийн жин, 100 эхээс бойжуулсан төл, малжуулалт, хадлан тэжээл бэлтгэл, орлого зэрэг багтдаг бөгөөд хуралдаанаар малын тоо толгой, төлийн бойжилт багассан ч бусад малчдыг малжуулсан, зах зээлд оруулсан, үүлдэр угсааг сайжруулсан зэрэг үзүүлэлтийг харгалзан нэлээн маргалдсаны эцэст дараах малчдыг шалгаруулсан юм. Харин тэмээний тоо толгойг өсгөсөн, ботго бойжилт нэмэгдүүлсэн малчдыг “Аймгийн сайн малчин”-аар шууд тодорхойлдог аж.

1.Н.Бямбадорж: Баруунбаян-Улаан сумын харъяат. 17 жил мал маллаж буй. 2007 оны “Сумын сайн малчин”. Малын тоо толгой 442-оос 262 нь тэмээ бөгөөд  хамгийн олон тэмээ тоолуулсан малчин юм.

2.Б.Энхжаргал: Баруунбаян-Улаан сумын харъяат. 25 жил мал маллаж буй. 2008 оны “Сумын сайн малчин”. Малын өсөлт  толгойн тоогоор 313 бөгөөд үүнээс тэмээ 260. Хамгийн олон ботго бойжуулсан малчнаар шалгарч байна. 

3.Н.Баянмөнх: Бүрд сумын харъяат. 21 жил мал малласан. 2006 оны “Сумын сайн малчин”. Малын тоо 1450. Төл бойжилт 102.8%, малжуулалт тоогоор 191.

4.О.Очирбат: Баян-Өндөр сумын харъяат. 20 жил мал маллаж байгаа. 2000 оны “Тэргүүний залуу алтан медаль”, 2009 оны “Сумын сайн малчин”. Малын тоо толгой 1274. Төл бойжилт 33.3%, малжуулалт 33

5.Ё.Гэрэлт-Од: Бүрд сумын харъяат. 15 жил мал маллаж буй. 2007 онд Засаг даргын жуух. 2008 оны “Сумын сайн малчин”. Малын тоо1312, бойжуулсан төл 94.1%, малжуулалт 190.

6. Т.Дагва: Бүрд сумын харъяат. 2007 оны “Сумын сайн малчин”. Малын тоо толгой 1565, бойжуулсан төл 89.9%, малжуулалт 74.

7.Б.Адъяадорж: Есөнзүйл сумын харъяат. 14 жил мал маллаж буй. 2008 оны “Тэргүүний залуу алтан медаль”, 2006-2009 онуудад “Сумын сайн малчин”.

8. С.Мэндбаяр: Есөнзүйл сумын харъяат. 2008-2010 оны “Сумын сайн малчин”. Малын тоо 1464. Төл бойжуулалт 96.5%. Малжуулалт 32.

9. Д.Баттогтох: Хархорин сумын харъяат. 20 жил мал малласан. 2007, 2008 оны “Сумын сайн малчин”. Малын тоо 1474, төл бойжуулалт 61.7%, малжуулалт 60.

10.М.Өлзийбат: Нарийнтээл сумын харъяат. 27 жил мал маллаж байгаа.2008 оны “Сумын сайн малчин”.

11. Л.Батсүх: Богд сумын харъяат. 38 жил мал малласан. 2005, 2006 оны “Сумын сайн малчин”. Малын тоо толгой 662, төл бойжуулалт 100%, малжуулалт 58.

12. Н.Наран: Сант сумын харъяат. 21 жил мал маллаж буй. 2005, 2006 оны “Сумын сайн малчин”. Малын тоо 1029, төл бойжуулалт 101.1%, малжуулалт 85.

13.П.Балдандорж: Баянгол сумын харъяат. 17 жил  мал  малласан. 2006 оны “Сумын сайн малчин”. Малын тоо 1100, төл бойжуулалт 100%, малжуулалт 143.

14. Ж.Пүрэвээ: Бат-Өлзий сумын харъяат. 11 жил мал малласан. 2007 оны “Сумын сайн малчин”. Малын тоо 795, төл бойжуулалт 100%, малжуулалт 97.

15. Ш.Нямдорж: Тарагт сумын харъяат. 23 жил мал маллаж буй. 2001 оны “Сумын сайн малчин”. Малын тоо толгой 713, төл бойжуулалт 29.6%, малжуулалт 157.

16. Ц.Батбаяр: Гучин-Ус сумын харъяат. 18 жил мал малласан. МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль. 2006 оны “Сумын сайн малчин”. Малын тоо 1009.

17. Н.Эрдэнэ: Баруунбаян-Улаан сумын харъяат. 6 жил мал малласан. 2008 оны “Сумын сайн малчин”. Малын тоо 1072, бойжуулсан төл 100%, малжуулалт 155.
 
Тэргүүний малчны бүлэг
Сүүлийн гурван жил дараалан 100 эхээс 100 төл бойжлуулж, мал сүргээ төлөөр нь өсгөж 3445 толгой малтай болсон, 1.5 га талбай хашиж, 1.0 га-д хүнсний ногоо тариалан 2010 онд 500 кг үр, 5000 кг ургаж авсан. 1 га-д малын тэжээл тариалан 15.0 тн малын тэжээл хураан авсан амжилт бүхий ажиллаж байгаа Нарийнтээл сумын 1-р багийн О.Цэрэндолгор ахлагчтай “Улиастай” малчны бүлэг,

Тэмээн сүргийг жил дараалан өсгөж, 314 толгойд хүргэн тэмээний үржлийн цөм сүрэг байгуулсан, 1.2 га-д хүнсний ногоо тариалж 11-14 тн ургац жил бүр хураан авдаг, 145 га бэлчээр, 5.0 га хадлангийн талбай хашиж, “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд 4000 гаруй модлог ургамал, жимс, жимсгэний мод тариалан амжилттай ургуулж буй Богд сумын “Зүүн Богдын өгөөж” малчны бүлэг тус бүрийг төмөр барс жилийн “Аймгийн тэргүүний малчны бүлэг”-ээр шалгарууллаа.

Аймгийн шилдэг фермер
Арвайхээр сумын иргэн Сорогдонгийн Дэгддуламын үнээний фермер “Аймгийн шилдэг фермер”-ээр шалгарлаа. Тэрбээр өөрийн фермерээ 2005 байгуулсан ба сүүний чиглэлээр үйлдвэрлэл явуулж, жилд дунджаар 20-30 мянган литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэн аймгийн төвийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна.

Сүүлийн гурван жил дараалан 100 эхээс 100 тугал бойжуулан үхэр сүргээ өсгөж одоо 32 сүүний чиглэлийн Алатау, Симменталь үүлдрийн үхэртэй болжээ.  2010 онд саалийн нэг үнээнээс 3120 литр сүү саажээ.

Өвөрхангай аймагт зохион байгуулдаг үржлийншилмэл малын үзэсгэлэн худалдаанаас мөнгө, хүрэл, ӨВ Түншлэл-2009 арга хэмжээнээс сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”-ээр тус тус шалгарса юм.

Аймгийн тэргүүний тариаланч
-Арвайхээр сумын 9-р багийн иргэн З.Угтахбаяр: 1994 оноос хүнсний ногоо тариалж эхэлсэн бөгөөд өдгөө эргэлтийн 2 га талбайд төмс, хүсний ногоо тариалдаг, 20 тн-н зоорьтой аж. Алтан намар үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог, 2009 оны “Аварга ногоочин”.

-Баруунбаян-Улаан сумын 1-р багийн иргэн Д.Төмөрчөдөр: 2002 оноос газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлсэн. 30 тн-н зоорьтой. 2008 оны “Сумын тэргүүний тариаланч”. Халтар арвайгаар 2009 оны Алтаннамар үзэсгэлэн худалдаанаас “Сумын бренд” шагнал авчээ. Эргэлтийн 12.5 га талбайд төмс, хүсний ногоо тариалдаг.

– Хархорин сумын Эрдэнэтолгой багийн иргэн Е.Бат-Эрдэнэ: Хархорин сумын Алтантэрэм ХХК-д тракторч, комбайнч, техникийн засвар үйлчилгээг хариуцдаг механикжуулагч.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж