Н.Алтанхуяг дарга генсекээ солих уу

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг дарга генсекээ солих уу

Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг намынхаа эрх барих дээд байгууллага болох Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 28-ны өдөр хийх тов зарлалаа. Хурлын тов гарсан даруйд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг албанаас нь чөлөөлж, орны хүнийг нь томилно гэсэн мэдээлэл хэвлэлээр “нисч” эхэллээ. Нам дотроо ч Н.Алтанхуяг даргын байр сууриас илт зөрүүтэй мэдэгдэл хийж, хувийн үнэт зүйлээрээ намын бодлогыг тайлбарласныхаа төлөө удаа дараа шүүмжлэлд өртөөд буй Д.Эрдэнэбат даргын хувьд УИХ-ын 2012 оны сонгууль хүртэл Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж чадах, эсэх нь эргэлзээтэй. Учир нь зөвхөн нөлөө бүхий лидерүүд төдийгүй Н.Алтанхуяг даргын зүгээс ч байр сууриа нэгтгэ гэдэг сануулгыг чамгүй олон удаа өгсөн гэх яриа бий. Тэр ч бүү хэл албанаас нь буулгах хүсэлтээ ч илэрхийлсэн аж.

Д.Эрдэнэбат даргын оронд “Би Ерөнхий нарийн бичгийн дарга болно” гэх хүн олон гарч ирэх болсны дотор УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн нэр ч дуулдаж байсан. Гэхдээ намын дүрмэнд “УИХ-ын гишүүн хүн Ерөнхий нарийн бичгийн дарга байх боломжгүй” гэсэн утгатай заалт байдаг тул энэ бол хий хоосон яриа болж таарах нь. Тэгвэл Ардчилсан хүчний холбооны зүгээс энэ удаад намын удирдлагаар тоглох хэрэггүй гэдэг байр сууринд нэгдсэн аж. Тэдний хувьд Ардын намын хагарал, улс төрийн дотоод зөрчилтэй зэрэгцэн нийгэмд маргаан дэгдээхээс илүү эгзэгтэй үед эвтэй байх хэрэгтэй гэсэн бодлого барьж байгаа юм.

Өнгөрсөн удаагийн Үндэс­ний зөвлөлдөх хорооны хурлын үеэр С.Эрдэнэ гишүүний шүүмжлэлийг эс тооцвол асуудлыг чимээ шуугиангүй зохицуулсан тэр арга барилаа энэ удаад ч хэрэглэх бололтой. Дээр нь нийслэлийн Ардчилсан намд дэд даргын алба гаргах замаар залуусын оролцоог дэмжих хэрэгтэй гэсэн бодлогыг Ардчилсан намын удирдлагуудын зүгээс хийсэн байна. Хэрэв энэ саналыг Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн олонхи нь дэмж­вэл, тус намын залуус нийслэлд өөрсдийн гэсэн хүчтэй багтай болж чадах аж. Ингэснээр Ардын намын залуустай адилтгахуйц улс төрийн оролцоотой болж, УИХ-ын 2012 оны сонгуульд гартаа квот атгах боломжтой болно гэдгийг тэд тооцоолж эхэлжээ. Ийнхүү Н.Алтанхуяг даргын зүгээс Д.Эрдэнэбат даргыг албанаас нь буулгах сонирхолтой байгаа бол Ардчилсан хүчний холбооны зүгээс асуудлыг дэвэргэх хэрэггүй гэдэг байр суурь дээр нэгджээ. Мөн “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хүрээнд хийх цаашдын ажлаа баталж, намын дүрмээ шинэчлэх юм. Харин энэ дунд С.Эрдэнэ тэргүүтэй цөөнгүй гишүүдийн үүсгэн байгуулахаар зэхэж буй “Монголын төлөө” хөдөлгөөн  гал дээр тос нэмэх аюултай. Тус хөдөлгөөний үйл ажиллагаа эрчимжлээ гэхэд зөвхөн Ардчилсан нам бус Ардын намын зарим гишүүн хүч хавсрах бөгөөд нам дамжсан улс төрийн ил тод бүлэглэл өсч, өндийх яриа дуулдаж эхэллээ.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж