“Аяласхийгээд дуулъя даа” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

“Аяласхийгээд дуулъя даа” тоглолт болно

“Санахгүй л гэсиймаа”, “Манай адуу”, “Босоо хийморьтой эр хүн”, “Нэг л туулах хорвоо” зэрэг олон сайхан дуу тань хит болж байгаа ая зохиогч  Б.Пүрэвсүрэн өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 19.00 цагт  “Аяласхийгээд дуулъя даа” нэртэй хоёр  дахь уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр яруу найрагч Д.Шийрэвжамцын “Аяласхийгээд дуулъя даа” нэртэй шүлгэнд нь 2009 онд ая хийж “Босоо хийморьтой эр хүн” тоглолтон дээрээ өөрөө дуулж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байжээ. Ул тоглолтод гавьяат С.Жавхлан, соёлын тэргүүний ажилтан Л.Болдбаатар, Л.Банзрагч, А.Мөнхбат, Б.Буянжаргал, Д.Намсрайноров нарын  20 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөнө. Нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм байна. Түүний урын санд 300 гаруй дуу байдаг бөгөөд одоогоор 120 гаруй нь ард түмний хүртээл болжээ. Дашрамд сонирхуулахад тэрбээр

“Хэцүү бэрхэд хүүгээ сургасан
Хэт холын ухаан байжээ
Ээжийнхээ захисан тэр л сургаалыг

Энэхэн биеэндээ шингээж явья даа” гэсэн үгтэй ээжийн тухай нэгэн сайхан дууг тоглолт дээрээ дуулах ажээ. “Хамгийн анх сумынхаа тайзан дээр таван настай хүүхэд “Мартын 8”-аар “Эхийн сургаал” хэмээх  дуу анх дуулж ээж маань ятга тоглож сумын үзэгчдийг уйлуулж, дуулуулж явсан маань дахин энэ дууг дуулахад хүргэсэн” хэмээн ая зохиогч хэлжээ.  

Ая зохиогч  Б.Пүрэвсүрэн нутгийн  дуучин Г.Бямбажаргалтай хамтран  “Өмнийн говь нутаг минь” гэдэг шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэнэ. Энэ дуугаа гаргаад тоглолтынхоо дараа нутгаа зорих нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж