“Цагаан сар-2011” шатрын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

“Цагаан сар-2011” шатрын тэмцээн болно

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг  Монголын шатрын холбооны ерөнхийлөгч байхдаа УИХ-ын гишүүн Н.Түвшинтөгстэй хамтран санаачилсан “Цагаан сар-1996” шатрын тэмцээнийг энэ жилээс сэргээн зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээн нь “Их мастер” төслийг хэрэгжүүлэх анхны алхам байсан юм. Энэ сарын 29-30-ны өдрүүдэд  ГХЯ-ны ёслолын танхимд болох “Цагаан сар-2011” хэмээх нэр хүндтэй тэмцээнийг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойд зориулах гэж байна.  Монгол туургатны ”Урамтай шатар” холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын санаачлагаар энэ оноос эхлэн сар шинийн өмнө энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байхаар болжээ.

Тэмцээнийг энэ жил  МҮХАҮТ хамтран зохион байгуулж, Монгол-Оросын хамтарсан УБТЗ нийгэмлэг, МСS Интернейшнл ХХК ивээн тэтгэхээр болсон байна. Тэмцээнийг А,Б,C ангиллаар зохион явуулах аж. “А” ангилалд 2100-гаас дээш рейтингтэй шилдэг 20 шатарчин, “Б” ангилалд  шилдэг найман эмэгтэй шатарчин, “С” ангилалд  2100-гаас доош рейтингтэй 52 шатарчин оролцох юм байна. 1996 онд болсон анхны тэмцээнд ОХУ, Казахстан, Узбекстаны нэртэй шатарчдыг урьж оролцуулсан бөгөөд манай залуу шатарчин Б.Хатанбаатар түрүүлж, их мастерын эхний баллаа авч байсан түүхтэй. Түүний араас Ц.Шаравдорж, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нар их мастер болцгоосон билээ. “Цагаан  сар-1998” тэмцээнд ОХУ, Казахстан, Узбекстан, Буриадын их мастер, олон улсын мастерууд оролцсоны дотор ЗХУ-ын аварга В.Цешковский, их мастер, алдарт дасгалжуулагч Л.Панченко, А.Фоминых зэрэг нэртэй шатарчид оролцож, уг тэмцээний чансааг өргөж байсан ажээ. “Цагаан сар” шатрын тэмцээнийг амжилттай зохион явуулахад одоогийн ерөнхий сайд С.Батболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч С.Дэмбэрэл, тэр үеийн Монголын шатрын холбооны тэргүүлэгчид байсан  Н.Чулуунбаатар, Б.Ганболд, Ч.Чулуунбаатар нар ихээхэн сэтгэл, хүч чармайлт гаргаж байсан байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж