Медведевийн либералчлал ганхлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Медведевийн либералчлал ганхлаа

Домодедово нисэх буудалд хийсэн аллагын шалтгаан нь исламистуудын нууц ажиллагаа өмнөхийн адил хүн амын дунд дэмжлэг ихтэй байгаа Хойд Кавказад  явуулж байгаа Оросын бүтэлгүй бодлого гэж барууны хэвлэл мэдээлэл нэрлэж байна. Сэтгүүлчдийн үзэж буйгаар Москвагийн энэ дэлбэрэлт нь “Медведевийн либерализацид” төгсгөл  авчирч магадгүй бөгөөд хүчний байгууллага ба Владимир Путины байр суурийг бэхжүүлэх гэнэ. Энэ террорист халдлага нь Олимпиада ба Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнээр аюулгүй байдлыг хангах  Оросын чадварт эргэлзээ төрүүлснээс гадна Оросын ТВ “үхсэн” гэж ярих шалтгаан болов.

Барууны хэвлэл мэдээлэл Домо­дедово нисэх буудлын аллагын үр дагаварт дүгнэлтээ гаргаж эхлэв. Financial Times мэдээлснээр, Мос­ква дараагийн аллагын шинэ үйлд­лийг хүлээн бэлтгэж байна гэв.

Кавказын асуудал

Хойд Кавказад явуулж бай­гаа Оросын үйл ажиллагаа бүтэлгүйтэж байгааг гэрчиллээ хэмээн барууны хэвлэл үзэв. Орос Чеченийн хоёр дайныг явуулан, тус бүсийг дахин бүтээн босгож түүний тэргүүнээр Кремлийн талын Рамзан Кадыровыг тавьсан юм гэж Independent тэмдэглэсэн байв. Гэсэн ч Чеченьд хөрш Дагестан ба Ингушетид өмнөхийн адил зэвсэгт нууц бүлэглэл ажиллан түүнийг Кавказад Ис­ла­мын халифат байгуулахыг уриал­сан Доку Умаров албан ёсоор толгойлж байна. Хичнээн хүн тэдэнтэй нийлснийг  хэн ч нарийн мэдэхгүй, харин “ойд очиж буй хүмүүст” Дагестаны олон хүн дэмжлэгээ үзүүлж байна. Бүс нутагт ажилгүйдэл, авлига газар аван цэцэглэж, эрх баригчдын нийгмийн бүтэлгүй бодлого нь үүнийг гаргаж байна хэмээн Британийн сонин дүгнэсэн байв.
Хууль хяналтын байгууллагын­ханд халдаж, тэднийг буудаж, хөнөөж байгаа мэдээ бүс нутгаас тогтмол ирж байгаа. Харин энэ талаар Холбооны хэвлэл мэдээл­лээр бараг мэдээлэхгүй, эсвэл зөвхөн “дээрэмчдийг устгасан нь” гэх төдий дурддаг. Нийслэлийн нисэх буудалд гарсан аллага нь тус орны өмнөд хязгаарт байдал тогтвортой бишийг харуулж бай­на хэмээн Independent өгүүлэв.  Домодедово дахь аллагын дараа Орост дотоодын дайснаасаа айх айдас өслөө. Террорист халдлагыг зогсоохын тулд Хойд Кавказын нууц бүлэглэлийн дэмжлэгийг таслах ёстой. Гэхдээ үүнийг биелүүлж чадахгүй гэдэг улам бүр харагдсаар байна.

Путины хүчирхэгжилт

Хэвлэлүүд аллагын улс төрийн үр дагаврын талаар өгүүлж буй. Financial Times уг халдлага нь эрх баригч хос Дмитрий Медведев ба Владимир Путины эсрэг чиглэсэн гэв. Энэ аллагын дараа Оросын либералчлал зогсоно гэж New York Times сонины сэтгүүлчид бичлээ. Өмнөх халдлагууд нь тусгай албад ба “аюулгүй байдлыг улсын тэргүүлэх чиглэл” гэдэг Владимир Путиныг улам хүчирхэгжүүлж байсан хэмээн сонин сануулав.

“Хууль ёс ба эмх журам” гэж олон нийтэд өөрийн илгээлт болгон онцолж байсан Путины чансаанд энэ аллага  чухал нөхцөл болж байна гэдэгтэй Times сонин санал нэг байна. Улс орныхоо дээд тушаалыг лавтай эргүүлэн авна гэж Владимир Путиныг үзэж байгаа Британийн энэ сонин аллага 2012 оны сонгуулийн өмнөх улс төрийн тогтворгүй байдлын үеэр хийгдлээ хэмээн тэмдэглэв.

Аллагыг Хойд Кавказын ис­ламис­тууд хийсэн бол “түр зуурын цэргийн хариулт” хангалтгүй байна гэж Guardian бичив. Гэвч Оро­сын эрх баригчид урт хуга­цааны улс төр, нийгмийн зорилтыг шийдэж чадна гэдгээ харуулсан шийдвэртэй хариултыг өгч чадах юм гэдгийг ч сонин онцлов.

Цохилт

Дмитрий Медведевийг Давосын эдийн засгийн чуулганд очихын өмнө аллага болж айлчлалыг нь хойшлуулсныг ч баруунд тэм­дэглэв. Энэ нь Оросын хөрөнгө оруу­лалтын имижийг эвдэж магад­гүй. Алагдаж, шархдагсдын дунд гадаадын иргэд байгаа нь сөрөг дагаврыг нэмэгдүүлж байгаа.

Олон улсын хамтын нийгэмлэг Оросын үйл явдлыг эрчимтэй ажиглаж буйг Times дурьджээ. Нэн ялангуяа 2014 оны Өвлийн олимпийг Кавказын улсуудаас холгүй орших Сочид, 2018 оны Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг мөн л Орост болох ёстойг хэвлэлүүд анхааруулжээ.

Манежка ба Домодедово

Британийн “Guardian” сонины сэтгүүлчид Домодедово нисэх буудлыг “Орчин үеийн Оросын бэлгэдэл” гээд “олон улсын нис­лэгийн ачаалалтай хаалга” хэмээн бичсэн байв. Тэр нь ч түүнийг халдлагын бай болгосон байх гэж сонин бичжээ.

Домодедовогийн аллагатай хол­­бог­­дуу­лан га­даадын зарим хэв­лэлүүд Манежийн талбайд болсон үй­мээнийг сануулж байна. Хойд Кавказынхан “Спартак” багийн хөгжөөн дэмжигч Егор Свиридовыг хөнөөсний дараа үй­мээн гарсан юм.

Манежийн талбай дахь үндсэр­хэг үймээний дараа Москва хоёр хуваагдсан байсныг New York Times мэдээлсэн бол Times нь Домодедовогийн дэлбэрэлт “орос үндсэрхэг үзэлтнүүд ба Кавказын цагаач нарын хоорондын хурцат­мал байдалд” яав ч сайнаар нө­лөөлөхгүй гэж тэмдэглэсэн байлаа.

Телевиз “үхлээ”

Эцэст нь барууны сэтгүүлчид Домодедовогийн эмгэнэлт үйлд­лийг олигтой үзүүлж мэдээ­лээгүй энэ талаараа нийгмийн сүлжээний шуурхай байдалтай өрсөлдөж ча­­даа­гүй Оросын телевизийг шүүмж­­лэв. Financial Times со­нин “Twitter Оросын мэдээний хам­гийн шуурхай сүлжээ” гэсэн өгүү­лэлдээ нэгэн интернэт хэрэг­лэгчийн бичсэнээс иш татсан байв. Тэрээр аллагын энэ өдөр Оро­­сын телевиз “мэдээллийн эх сур­валж гэдгээрээ албан ёсоор үхлээ” гэж бичсэн байжээ. Со­нинд тэмдэглэснээр оросуудын ихэнх нь холбооны телевизээс мэдээлэл авдаг гээд холбооны ТВ нь энэ аллагын талаар барууны сувгуудаас хожим мэдээлэл өгч байжээ.  Twitter-т Домодедовогоос мэдээлэл дэлбэрэлтийн дараа та­ван минут болсон хойно гарч ирсэн байв. Радио нь 30 минутын дараа мэдээлжээ. Мэдээллийн агент­лагууд цагийн дараа мэдээг өгч байсан бол телевиз нь хоёр цагийн дараа анхны мэдээг гаргасан байна. Өнгөрсөн жилийн Метронд хийсэн аллагын үеэр телевизээр нь ердийн зугаа цэнгээний хөтөл­бө­рүүд, хоолны нэвтрүүлэг үзүүлж байсан Оросын хэвлэлийг үзэгчид шүүмжилж байсан. Энэ удаа Кремлийн хяналтын  телевиз дээрээс заавар хүлээж байсан гэж олон хүн дүгнэсэн гэж Financial Times эцэст нь онцоллоо.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж