
Барууны хэвлэл мэдээлэл Домодедово нисэх буудлын аллагын үр дагаварт дүгнэлтээ гаргаж эхлэв. Financial Times мэдээлснээр, Москва дараагийн аллагын шинэ үйлдлийг хүлээн бэлтгэж байна гэв.
Кавказын асуудал
Хойд Кавказад явуулж байгаа Оросын үйл ажиллагаа бүтэлгүйтэж байгааг гэрчиллээ хэмээн барууны хэвлэл үзэв. Орос Чеченийн хоёр дайныг явуулан, тус бүсийг дахин бүтээн босгож түүний тэргүүнээр Кремлийн талын Рамзан Кадыровыг тавьсан юм гэж Independent тэмдэглэсэн байв. Гэсэн ч Чеченьд хөрш Дагестан ба Ингушетид өмнөхийн адил зэвсэгт нууц бүлэглэл ажиллан түүнийг Кавказад Исламын халифат байгуулахыг уриалсан Доку Умаров албан ёсоор толгойлж байна. Хичнээн хүн тэдэнтэй нийлснийг хэн ч нарийн мэдэхгүй, харин “ойд очиж буй хүмүүст” Дагестаны олон хүн дэмжлэгээ үзүүлж байна. Бүс нутагт ажилгүйдэл, авлига газар аван цэцэглэж, эрх баригчдын нийгмийн бүтэлгүй бодлого нь үүнийг гаргаж байна хэмээн Британийн сонин дүгнэсэн байв.
Хууль хяналтын байгууллагынханд халдаж, тэднийг буудаж, хөнөөж байгаа мэдээ бүс нутгаас тогтмол ирж байгаа. Харин энэ талаар Холбооны хэвлэл мэдээллээр бараг мэдээлэхгүй, эсвэл зөвхөн “дээрэмчдийг устгасан нь” гэх төдий дурддаг. Нийслэлийн нисэх буудалд гарсан аллага нь тус орны өмнөд хязгаарт байдал тогтвортой бишийг харуулж байна хэмээн Independent өгүүлэв. Домодедово дахь аллагын дараа Орост дотоодын дайснаасаа айх айдас өслөө. Террорист халдлагыг зогсоохын тулд Хойд Кавказын нууц бүлэглэлийн дэмжлэгийг таслах ёстой. Гэхдээ үүнийг биелүүлж чадахгүй гэдэг улам бүр харагдсаар байна.
Путины хүчирхэгжилт
Хэвлэлүүд аллагын улс төрийн үр дагаврын талаар өгүүлж буй. Financial Times уг халдлага нь эрх баригч хос Дмитрий Медведев ба Владимир Путины эсрэг чиглэсэн гэв. Энэ аллагын дараа Оросын либералчлал зогсоно гэж New York Times сонины сэтгүүлчид бичлээ. Өмнөх халдлагууд нь тусгай албад ба “аюулгүй байдлыг улсын тэргүүлэх чиглэл” гэдэг Владимир Путиныг улам хүчирхэгжүүлж байсан хэмээн сонин сануулав.
“Хууль ёс ба эмх журам” гэж олон нийтэд өөрийн илгээлт болгон онцолж байсан Путины чансаанд энэ аллага чухал нөхцөл болж байна гэдэгтэй Times сонин санал нэг байна. Улс орныхоо дээд тушаалыг лавтай эргүүлэн авна гэж Владимир Путиныг үзэж байгаа Британийн энэ сонин аллага 2012 оны сонгуулийн өмнөх улс төрийн тогтворгүй байдлын үеэр хийгдлээ хэмээн тэмдэглэв.
Аллагыг Хойд Кавказын исламистууд хийсэн бол “түр зуурын цэргийн хариулт” хангалтгүй байна гэж Guardian бичив. Гэвч Оросын эрх баригчид урт хугацааны улс төр, нийгмийн зорилтыг шийдэж чадна гэдгээ харуулсан шийдвэртэй хариултыг өгч чадах юм гэдгийг ч сонин онцлов.
Цохилт
Дмитрий Медведевийг Давосын эдийн засгийн чуулганд очихын өмнө аллага болж айлчлалыг нь хойшлуулсныг ч баруунд тэмдэглэв. Энэ нь Оросын хөрөнгө оруулалтын имижийг эвдэж магадгүй. Алагдаж, шархдагсдын дунд гадаадын иргэд байгаа нь сөрөг дагаврыг нэмэгдүүлж байгаа.
Олон улсын хамтын нийгэмлэг Оросын үйл явдлыг эрчимтэй ажиглаж буйг Times дурьджээ. Нэн ялангуяа 2014 оны Өвлийн олимпийг Кавказын улсуудаас холгүй орших Сочид, 2018 оны Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг мөн л Орост болох ёстойг хэвлэлүүд анхааруулжээ.
Манежка ба Домодедово
Британийн “Guardian” сонины сэтгүүлчид Домодедово нисэх буудлыг “Орчин үеийн Оросын бэлгэдэл” гээд “олон улсын нислэгийн ачаалалтай хаалга” хэмээн бичсэн байв. Тэр нь ч түүнийг халдлагын бай болгосон байх гэж сонин бичжээ.
Домодедовогийн аллагатай холбогдуулан гадаадын зарим хэвлэлүүд Манежийн талбайд болсон үймээнийг сануулж байна. Хойд Кавказынхан “Спартак” багийн хөгжөөн дэмжигч Егор Свиридовыг хөнөөсний дараа үймээн гарсан юм.
Манежийн талбай дахь үндсэрхэг үймээний дараа Москва хоёр хуваагдсан байсныг New York Times мэдээлсэн бол Times нь Домодедовогийн дэлбэрэлт “орос үндсэрхэг үзэлтнүүд ба Кавказын цагаач нарын хоорондын хурцатмал байдалд” яав ч сайнаар нөлөөлөхгүй гэж тэмдэглэсэн байлаа.
Телевиз “үхлээ”
Эцэст нь барууны сэтгүүлчид Домодедовогийн эмгэнэлт үйлдлийг олигтой үзүүлж мэдээлээгүй энэ талаараа нийгмийн сүлжээний шуурхай байдалтай өрсөлдөж чадаагүй Оросын телевизийг шүүмжлэв. Financial Times сонин “Twitter Оросын мэдээний хамгийн шуурхай сүлжээ” гэсэн өгүүлэлдээ нэгэн интернэт хэрэглэгчийн бичсэнээс иш татсан байв. Тэрээр аллагын энэ өдөр Оросын телевиз “мэдээллийн эх сурвалж гэдгээрээ албан ёсоор үхлээ” гэж бичсэн байжээ. Сонинд тэмдэглэснээр оросуудын ихэнх нь холбооны телевизээс мэдээлэл авдаг гээд холбооны ТВ нь энэ аллагын талаар барууны сувгуудаас хожим мэдээлэл өгч байжээ. Twitter-т Домодедовогоос мэдээлэл дэлбэрэлтийн дараа таван минут болсон хойно гарч ирсэн байв. Радио нь 30 минутын дараа мэдээлжээ. Мэдээллийн агентлагууд цагийн дараа мэдээг өгч байсан бол телевиз нь хоёр цагийн дараа анхны мэдээг гаргасан байна. Өнгөрсөн жилийн Метронд хийсэн аллагын үеэр телевизээр нь ердийн зугаа цэнгээний хөтөлбөрүүд, хоолны нэвтрүүлэг үзүүлж байсан Оросын хэвлэлийг үзэгчид шүүмжилж байсан. Энэ удаа Кремлийн хяналтын телевиз дээрээс заавар хүлээж байсан гэж олон хүн дүгнэсэн гэж Financial Times эцэст нь онцоллоо.