Ядахдаа циркт ч амьдаар нь чоно харж үзээгүй, дээр дурдсанчлан нүүдлийн ахуйгаас холын хол өсч хүмүүжсэн мөхөс уншигч миний хувьд малчдын амьдрал хийгээд байгаль орчин, чонын талаар огт мэдэхгүй байсан зүйлээ энэ номноос уншлаа гэдгээ нуухгүй өчих нь зүйтэй болов уу. Басхүү яг үүнтэй төстэй өгүүлэмжтэй “Их нүүдэл” гэх мэт ном байдаг ч чонын удамт, дэлхийн талыг эзэгнэгч монголчуудын түүхэн улбаа, ёс уламжлал, нууцлаг бүхэн олон мянган уншигчийн анхаарлыг татах бас нэг сэжим нь болсон болов уу гэсэн бардамнал оволзоно. Магад олон орны уншигчдын сонирхлыг их Монголын үр садын түүх байлдан дагуулна биз ээ.
Харин уг номыг монгол хэлнээ хөрвүүлсэн орчуулагч Д.Болдбаатар энэ номоор дамжуулан монголчуудын талаар бүр цаашилбал хятадын талаар мэдрэх боломжтой гэсэн утгатай зүйл хэлж байсан санагдана. Өвөрмонголын хээр талд малчдын амьдрал яагаад ингэж олны сонирхлыг татсаныг нэг талаар гайхмаар ч нөгөө талаар яалт ч үгүй анхаарал татах нь зүй мэт хоёрдмол бодол төрүүлмээр.
Гэвч яг номыг бариад суугаад эхлэхээр үнэхээр сонирхолтой, паартай байранд өссөн суурьшмал монголчуудын үр ач нарын нэг нь үе үе номоо түр хамхиад өөрсдийнх нь сайн мэдэхгүй нүүдлийн амьдрал хийгээд, харь хүний өгүүлэх монголчуудын зан заншил, сүсэглэлийн талаар ойлгохыг хичээн түр бодлогоширмоор л болж байна лээ. Магадгүй 70 жил социализмын замаар бэдэрч, 20 жил дөрвөн уулын дундах татах хүчинд өөрийн эрхгүй нухлагдан суугаа зарим монголчуудын хувьд нүүдэлчдийн ахуй амьдрал хол санагдахаар болчихсон ч юм шиг. Мал ахуйгаа хамгаалах малч хүмүүн хийгээд чонын тэмцэл дуусашгүй мэт боловч чоно үгүй бол үнэг, хярс тэргүүтэн үржин, бэлчээр ахуй сүйдэх, зуд турхан, чонын аюул үгүй бол мал сүрэг олшрон бэлчээрээ ахуйг сүйдлэх гэх мэтийн хэтий ахуйгаасаа холдсон ч гэсэн хэн бүхний мэдэх тогтолцоог энэ номд эвлэгхэнээр өгүүлнэ.
Номын үйл явдал тэргүүтэн 30 жилийн тэртээх Өвөрмонголын Олонбулагийн талын малчин айлаас эхэлнэ. Хятадын соёлын хувьсгалын үеэр 20 сая гаруй оюутан залуусыг хөдөө тосгоны хүнд хүчир ажилд туслалцуулахаар явуулсныг манай илгээлтийн эздийн хувь заяатай төстэй ч юм уу гэж үзээд илгээлтийн эзэн гэж оноон орчуулсан гэж орчуулагч тайлбарласан байсан. Илгээлтийн эзэд гэж залуу Чэнь Жэн хөрөнгөтний замаар замнагч хар бүлгийн гишүүн, эсвэл харгис бурангуй эрдэмтний хүү гэж адлагдсан, түүнтэй хамт амьдардаг гурван залуугийн амьдрал ч мөн үүнтэй төстэй замналтай гэж үе үе цухас дурдсан байдаг. Гэхдээ бас Хятадын нэг гэр бүл-нэг хүүхэд гэсэн бодлогыг Өвөрмонголд ч хэрэгжүүлэх нь зүйтэй юм гэх мэтчилэн санаа цухалзана аа.
Эцэст эх газрын хятадууд Өвөрмонголын талд шавааралдан түрж ирж, аажим аажмаар нүүдлийн мал аж ахуй, амьдрахуйн тэр хэвшилтэй хамт малчид, өвөрмонголчууд нь ч түрэгдэн шахагдаж байгаагаар үйл явдал өрнөнө.
Хятадын харьяаны Өвөрмонголд өрнөж байгаа үйл явдал л юм хойно гадаад Монгол гэсэн тодотголт үйл явдлууд нэлээд гарна. Жишээлбэл, Олонбулагийн талд чоныг хомроглон устгах кампанит ажил өрнөхөд Билэг өвгөн, Чэнь Жэн нар чонон сүрэг төрөлх эх нутаг гадаад Монгол руугаа дүрвээсэй гэж санаашран байдаг. Тэгэхүй доор хөөрхий гадаад Монголд нь чонын сүлд орших орон зай өнөөдөр байгаасан билүү гэж эмзэглэнэ. Чоно авлахыг л эрийн хийморь гэж тооцон алс хол суурин газраас жийп хөлөглөн, буу агсан ан хийх Монголын чинээлэг давхаргынхны нэг зугаа болоод байгаа гэдгийг л мэдэх хойно. Басхүү бэлчээрийн даацаа тэнцвэртэй байлгахын тулд таван хошуу малаа зүй зохисоор тэжээх холч ухаанаа сургадаг Билэг өвгөд өнөөдөр ар Монголд хэд байгаа бол гэсэн бодол зурсхийнэ. Бэлчээрийн дайсан гэдэг ямаа ноолуурын үнийн өсөлт, ямаанд хайртай манай парламентийн гишүүдийн буянаар сүргийн зонхилох болчихоод байгаа гээд дандаа л бараан жишээ дагалдаад салдаггүй. Ядахдаа Хятадын нэг зохиолчийн зохиолоос санаа авч байгаа болов уу манай ар монголчууд гэж санаа зовинох.
Дээр цухас дурдсанаар үйл явдал, үзэл санааны хувьд ч 1980-аад онд Монголд орчуулагдаж байсан Оросын зохиолч Анатолий Буйловын “Их нүүдэл” романтай төстэй мэт. Буйлов өөрийнхөө ой тайгад хэдэн жил амьдарсан амьдралаасаа сэдэвлэн эл номыг бичсэн. Зохиолч Зян Рун ч 1967 онд Өвөрмонголын тал нутагт очиж 11 жил гаруй жил амьдарсан бодит амьдралаасаа сэдэвлэн зохиолоо бичсэнээ өгүүлсэн байдаг.
Хойд ааваасаа залхсан бас амьдрал үзэж, хүчээ сорих гэсэн жаалхүү өөрийнхөө хүсэлд Сибирийн цаатнууд дээр ирж, туслах малчнаар ажиллаж, хүн байгалийн шүтэлцээ, онгон байгалийн гайхамшиг тэргүүтнийг мэдрэн, жинхэнэ малчны ёсоор хэдэн жил амьдардаг. Энэ номонд ч бас хятад залууг зааж сурган хатамжилдаг Билэг өвгөний адил Аханя хэмээх тод томруун дүртэй. Цаатан амьдралын өв заншил, байгаль ахуйгаа хүндлэн хайрлах, хамгаалах сэтгэлийг алхам бүр үлгэрлэн зааж сургадаг Аханя хорвоогийн мөнх бусыг үзүүлж, залуу цэрэгт татагдан мордоход түүний явах онгоцоор хурдан буу үүрэн анд шүлэнхэтсэн эрчүүд зөрөн бууж байгаагаар “Их нүүдэл” роман төгсдөг бол Билиг өвөөтэйгээ Олонбулагийн талын байгалйн гайхамшгийг харан баясч байсан хятад залуу 30 жилийн дараа шар элсэн түйрэн эргэлдэн байгаа Бээжинд зохиолоо тэрлэн байгаагаар өндөрлөдөг. 30 жилийн дараа түүнийг Өвөрмонголын талд очиход элсэн цөл, төмөр хашаагаар хэрсэн тал, мотоцикль унан давхисан малчин залуус угтдаг. Үнэхээр ч Өвөрмонголын хувьд бэлчээр гэдэг том асуудал болсон бөгөөд өнгөрсөн хавар тэндхийн малчин айлд зочлоход хэд хэдэн төмөр саадан хашааг туулах хэрэг гарч байж билээ. Монголд харин одоохондоо бэлчээрээ торон хашаагаар хашчихсан зүйл ч алга аа. Гэхдээ л бэлчээр өдрөөс өдөрт хумигдан, цөлжилт өдрөөс өдөрт урагшлан, хоног тутам шахамд нэг горхи, шанд ширгэж байгаа нь маргашгүй үнэн билээ.
Энэ номыг уншаад бодлогошрохын нэг учир бас энэ.
Зохиолын үзэл санаа ч байгалийн шүтэлцээ оршил, хүн байгалийн харилцаа, хүмүүс хэрхэн байгалиа сүйтгэн зэрэмдэглэж байгааг өгүүлснээрээ адил. Тиймдээ ч “Чоно сүлд”-ийг Дэлхийн банк дэмжин монголчлуулсан хэрэг болов уу? Үнэхээр ч энэ номыг уншихдаа бодлогошрохын хамгийн гол учир гэвэл хүн байгалийн харилцан шүтэлцээ, байгаль хамгааллын талаар эрхгүй шимшрэн бодохоос өөр аргагүйгээр өгүүлсэн байдаг. Тийм ч учраас монголчууд бид “Чонон сүлд”-ийн гэсгээлийг хэдийнэ хүртэхээр болоод хүртээд байгаа юм биш үү гэж асуумаар санагдах…