
Баар, ресторан, цахилгаан барааны дэлгүүр, өргөн хэрэглээний бараа, оёдол засвар, ломбард, сургалтын төв, РС тоглоомын газар гэх мэтчилэн олон чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн эд хөрөнгө их гал дунд үнс нурам болох шиг. Дайны хажуугаар дажин гэгчээр цагдаагийн ажилтан тус төвийн баруун хойд хаалгаар нэг хүнийг хөтлөөд гарч ирсэн нь хулгай хийхээр орж яваад баригдсан гэнэ. Дүрэлзэн асах галыг харж зогсох 10-14 насны хөвгүүн “Энэ төвд байдаг РС тоглоомын газарт орж тоглодог байсан. Долоо хоногийн өмнө тэнд тоглож байгаад утсаа цэнэглэх гэхэд залгуурууд нь гэж утас нь ил, шалбарсан их хэцүүхэн л байсан” гээд цааш холдов.
Мөн тус төвийн авто зогсоолд байрлах автомашинуудын эзэд асааж, холдуулах санаатай сандрах, шатаж буй обьектоос 50 гаруй метрийн зайд орших “Жаст ойл” шатахуун түгээх станцын ажилтнууд болзошгүй аюулаас сэргийлж газар доорх шатахууны агуулах байршуулсан орчимд элс асгах зэргээр галын аюулаас сэргийлэх арга хэмжээг авч байв. Хэрэв эл гал хүчтэй авалцаж бага хэмжээний гал ойр орчимд үсрэхэд тухайн шатахуун түгээх станц дэлбэрэх аюул ойрхон байсныг энд сануулах нь зүйтэй болов уу.
“East” төв нь хуучны модон дээвэртэй барилга тул гал сөнөөгчид галын хүчийг зогсооход хүндрэлтэй байв. Галыг унтраахаар Аврах, гал унтраах 10, 14, 26, 34, 63 дугаар анги, нэмэлт Аврах салбар, Шуурхай бүлэг 105 тасгийн аврагч, гал сөнөөгчид, нийт 11 автомашин дайчилан ажилласнаар 19:20 цагийн орчимд бүрэн унтрааж чадлаа. Гал сөнөөгчид Ус сувгийн удирдах газраас тасралтгүй усаар хангаж буй боловч техникийн хүчин чадал үнэхээр дутагдалтай нь анзаарагдаж байв. Дүрэлзэж буй гал руу ус шүрших зориулалтын резин хоолой хүрэлцэхгүй, усны даралт муу, хорын баллон цөөн, дээрээс нь гал сөнөөгчид налуу төмөр дээврийн хэсэгт халтирч унах зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байсан юм. Гадаадын хөгжилтэй оронд бол онгоцоор галын хор, ус цацаад л богино хугацаанд унтраадаг бол манайд өнөөдөр хэдэн гал сөнөөгчид бараг л гар хоосон шахуу улалзах галын өөдөөс дайрч байна. 1-2 метрийн зайд аймшиггүй “үзэлцэх” галын төөнөлт гал сөнөөгчид бүү хэл шатаж буй барилгаас 30-50 метрийн зайд шуугилдах хүмүүс ч мэдэрч байсныг тэнд байсан хэн ч хэлэх биз. Энэ үест гал сөнөөгчдийн тэсвэр тэвчээрийг гайхацгааж байв.
Тус төвийн үйлчлэгч гэх Н гэх эмэгтэй “Өглөө 11:00 цагийн үед саяхнаас үйл ажиллагаа нь эхэлсэн “Mecca” баарнаас утаа гараад эхэлсэн” гэх албан бус мэдээлэл байгаа ч одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор цагдаа, цэргийн хамгаалалтад шинжээчид ажиллах гэнэ. Цаашид энэ хэмжээний томоохон гал гарсан тохиолдолд гал унтраах техникийн хүчин чадал ямархуу төвшинд байгааг дээрх байдал харуулсан гэж хэлж болно.