Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Хорин нас ба ерэн нас

Ирэх гуравдугаар сарын 1-нд эрх баригч МАН-ын 90 насны ой болно. Уг нь энэ ойг өмнөх шиг “яруу алдарт МАХН”-ын 90 жилийн ой гэж хэлэх ёстой байсан ч одоо энэ нэр намын олонхийн хувьд /намынхаа Их хурлаар ингэж шийдсэн учраас/ түүх болон үлдэж, Улсын дээд шүүх дээр 25 жилийн хугацаатай “хорионд” ороод байгаа билээ. Хэдхэн жилийн өмнө энэ өдрийг МАХН-ын удирдлагууд, Ерөнхий сайд Н.Энхбаярын санаачилгаар Эх орончдын өдөр болгон зарласан. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд тэмдэглэж ирсэн Ардчилсан хувьсгалын ойтой дүйцүүлж ингэж нэрлэсэн хэрэг л дээ.

Харин энэ жилээс Эх орончдын өдөр намтайгаа адил бас л нэрээ сольж, Монголд улс төрийн нам бий болсон өдөр нэрээр 90 жилийнхээ ойг тэмдэглэх гэнэ. Өөрөөр хэлбэл хуучин коммунист намын төрсөн өдөр байхаа болиод одоо Монголд бий болоод байгаа бүх улс төрийн намууд, түүний гишүүдийн хувьд тэмдэглэлт баяр нь болох нь. МАН ч улс төрийн нам, Ардчилсан нам ч улс төрийн нам юм чинь. Ингээд өнгөрсөн жил Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг ”ах” намтай хуваалцаж, ардчилал шинэчлэлд хамгийн их тээг саад хийж ирсэн МАХН-ын дарга нарыг ардчиллын одонгоор шагнасан Ардчилсан намынхан энэ жил “ах” намынхаа найранд уригдах боллоо. Аяганы хариу өдөртөө гэдэг энэ. Танил бус байна гэж үү? Яг л хүүхдийн 10 мянгын эсрэг шинэ гэр бүлийн 500, шинэ төрсөн хүүхдийн 100 мянгыг, эрдэнийн хувийн эсрэг эх орны хишгийг сөргүүлэн тавьж барьцсан шиг…

Улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэх асуудлыг МАН-ын /ялгаатай нь тэр үед энэ нам МАХН нэртэйгээ байсан/ удирдлагууд бүр жилийн өмнө Засгийн газарт оруулж, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолтой хамт хавсарган баталсан байна. Ингээд “Монголд улс төрийн олон намын систем сүүлийн 20 жилд буюу ардчилсан шинэ өөрчлөлтийн дараа буй болжээ, үүнээс өмнө нам нь төрийн үүрэг гүйцэтгэж байв” хэмээх их сургуульд орсон цагаас цээжлүүлсэн улс төрийн онол ч утгаа алдаж байгаа юм.

Түүгээр ч барахгүй Монголд улс төрийн нам бий болсны 90 жилийн ой буюу МАН-ын төрсөн өдрийг тэмдэглэхдээ төсвөөс 230 сая төгрөг гаргаж, “Тусгаар тогтнол 90” медалийг хийлгэхээр болжээ. Энэ тухай тогтоолын төслийг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад танилцуулжээ. Үндэслэлээ “Эх орныхоо хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө хүч хөдөлмөр, авьяас билэг, сэтгэл зүрхээрээ тэмцэж, амжилт гаргасан олон арван хүнийг алдаршуулахын тулд” хэмээн тайлбарласан байна. МАН-ын дарга нар "Тусгаар тогтнол 90" медалиа нэг бүрийг нь 4600 төгрөгөөр үнэлж, 50.000 ширхэгийг захиалжээ.

Үнэн хэрэгтээ тэр үеийн МАХН-ын гишүүд, эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн төлөө амь нас, хөдөлмөр зүтгэл, авьяас билэг, зүрх сэтгэлээ зориулсан хүмүүс аль эрт түүнийгээ үнэлүүлэх нь үнэлүүлээд, үнэлүүлж чадаагүй нь чадаагүй чигээрээ шороон дор орсон. Тиймээс 90 жилийн өмнөх МАХН-ын гавьяаг худалдаж идэх эрх одоогийн МАН-д, сүүлийн 20 жилийн төрийн толгойд гарч, улс төрийн тоглоом шоглоомонд оролцож яваа нөхдөд байх ч үгүй. Ерэн настай МАН-ын дарга нарын хорьхон жилийн түүхтэй ардчилсан хувьсгалын лидерүүдээс ялгаатай нь энэ.

Өнөөдрийн хорин настай залуу өвөө эмээгийнхээ "… дугаар таван жилийн гавшгайч" тэмдгийг энгэртээ санжигануулчихсан явж байхаасаа лав ичнэ биз дээ…

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж